Иргэн Н.Энхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос 100 сая төгрөг нэхэмжилсэн тухай мэдээ чих дэлсэв. Энэ бол нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, мөнгө нэхэмжилж байгаа анхны тохиолдол биш л дээ. Урьд нь олны танил олон хүн шүүхэд хандан нэр төрөө сэргээлгэж байсан. Дуучид, бөхчүүд, УИХ-ын гишүүд гээд жагсаавал маш урт жагсаал үргэлжилнэ.
Харин нэхэмжилсэн мөнгөний хэмжээ нь өөр өөр байсан юм. Дуучин Болд нэр төрөө таван сая төгрөгөөр үнэлж байсан бол УИХ-ын гишүүн асан нэгэн эрхэм нэг сая төгрөг нэхэмжилж байв. “Мон-Уран”-ын Б.Наранхүү тэрбум төгрөгөөр нэр төрөө үнэлж “Зууны мэдээ” сонинтой заргалдаад дийлээгүй. Харин сониных нь эзэн өнөөдөр 100 сая төгрөгөөр нэр төрөө үнэлжээ.
Нэр төрийг мөнгөөр хэрхэн үнэлэх вэ гэдгийг судлаачид олон жил ярьсан ч нэг мөр шийдэх боломжгүй асуудал юм. Хэний нэр хүндэд, ямар хохирол учирсан бэ гэдэг нь харьцангуй өөр учир тооцоолох аргагүй байдгаас ийм асуудал үүсдэг. Гэхдээ дэлхийд эрх зүйт ёсны төлөвшлөөрөө тэргүүн эгнээд явж буй улсуудад энэхүү асуудлыг шийдвэрлэх жишиг бий.
Та шар мэдээ сонирхдоггүй, тоож уншдаггүй ч бай хамаагүй таныг мэддэг болтол нь яриулдаг, бичүүлдэг Пэрис Хилтон гэж нэг америк хүүхэн байх. Агсам тавьлаа л гэнэ, нүцгэллээ, шийтгүүллээ, хар тамхитай орооцолдлоо л гэнэ. Яг үнэндээ юу хийдгийг нь би ч мэдэхгүй. “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч юм гэнэ лээ. Манай бошгыг халах залуучуудын нэгэнтэй хамт зургаа авахуулсныг нь интернэтээр цацаад сүйд болсон л гэж дуулсан. Ямартай ч үлэмж баян энэ хүүхэн сонинтой заргалдлаа. Нэр төрөө тэдэн сая доллараар үнэллээ гэж байхыг та дуулсан уу. Үгүй л болов уу. Заргалдаад ч юм олж долоохгүй.
Уг нь тэр хүүхэн нэр төрөө мөнгөөр үнэлээд эхэлбэл манай Н.Энхбаяр гуайн 100 сая төгрөг ч тэрний дэргэд ам.долларын ханш чангарч буй энэ үед ичмээр дамшиг л даа. Гэтэл тэр нь ердийн нэг муу од. Харин манай Н.Энхбаяр дарга чинь улсын үнэмлэхүй удирдагч. Бүхэл бүтэн улс орныг олон жил удирдсан хүн шүү дээ!
Хүн өөрөө олны танил бол, түүний үйлдэл олон нийтэд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай бол хэвлэл мэдээллийн зүгээс учруулж болох тодорхой хэмжээний эрсдлийг үүрдэг байх ёстой гэсэн зарчим ардчилал өндөр хөгжсөн орнуудад үйлчилж байна. Чи од эсвэл төр нийгмийн зүтгэлтэн бол тэртээ тэргүй чиний талаар маш олон мэдээлэл цацагдана. Харин тэр дундаас муулсныг нь түүж байгаад шүүхдээд явбал чи өөрөө л муухай харагдана гэсэн үг. Мэдээж хэрэг санаатайгаар гүтгэсэн, түүнээс нь болж хүнд хор уршиг учирсан зэрэг зүйлд зохих хариуцлага хүлээлгэлгүй яах вэ.
Манайд яг энэ асуудлаар шүүхэд хандвал шүүхээр шийднэ, цагдаад хандвал цагдаа нь шийднэ гэсэн гаж жишиг тогтоод удаж байгаа. Л.Гансүх сайд гүтгүүллээ гэж цагдаад хандсан. Түүний зорилго биелж сэтгүүлчид шийтгүүлсэн. Хэрвээ нэр төрөө сэргээлгэнэ гэж шүүхэд хандсан бол нэр төрийг нь сэргээгээд хэд гурван төгрөг хохиролд нь гаргаад л өгөх байсан байх.
Харин Н.Энхбаяр гуайн хувьд цагдаад хандаад тусгүй гэж тооцоолсон бололтой юм. Уг нь цагдаагийн байгууллага Хууль зүй дотоод хэргийн сайдаа шалгаж чадах эсэх, чаддаггүй юмаа гэхэд ядаж л ямархуу жүжиг тавьж нээнтэгнээс гарахыг нь үзвэл сонирхолтой л байх байлаа.
Модернист яруу найрагч Б.Галсансүх Н.Багабанди гуайг ерөнхийлөгч байх үед өөрийг нь гүтгэсэн гээд л шалгуулж, мөрдүүлж мөн ч их зүдэрсэн дээ. Өөрийг нь үгээр нэвт буудаж, ард иргэдэд “энэ чинь бурхан биш юм шүү!” гэдгийг ойлгуулж явсан олон сэтгүүлчээр оролдоогүй мөртлөө мань шүлэгч мэтийн хүмүүсийг хөөрхөн шоглодог байв даа. Гэтэл өнөөх Б.Галсансүх нь бурханыг хүртэл “Чи битгий хуцаа” гээд хэлчихсэн айхтар хүн шүү дээ.
Монголын шүүх хүний нэр төрийг янз бүрээр үнэлж ирсэн. 300 мянган төгрөгнөөс эхэлсэн энэ үнэлгээ таван сая л лав хүрсэн гэж дуулдсан. Харин одоо Н.Энхбаярын нэр төр ямар үнэ хүрэхийг харах цаг ирж. Ямартай ч “наамбар ван” байсан хүн гэдгийг мартах ёсгүй.