Л.Пүрэвдорж огцорч мэдэх нь

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдорж огцорч мэдэх нь

“Ам.долларын ханшийг барьж ча­даагүй гэдэг үндэслэлээр Мон­­гол­банкны ерөнхийлөгч Л.Пүрэв­дор­жийг огцруулах ёстой” гэсэн саналыг УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр мэдэгдэв. Энэ хурлын дараа УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Яагаад” гэдэг үндэслэлүүдийг хэвлэлийнхэнд тайлбарласан юм. Яагаад гэвэл 2012 он гарсаар ам.долларын ханш хоёр хувиар өссөн аж. Гэтэл он гараад хэд хонож байгаа билээ. Төсөв улайсан үед Ерөнхий сайдын албыг хашиж явсан тэрбээр эдийн засгийн өсөлт халгиж цалгисан өнөөгийн нөхцөлд иргэдээ ядуу амьдруулж, инфляцийн дарамтад учруулж байгаад цухалдаж, аргаа барахдаа хэвлэлийнхэнд макро эдийн засгийн хичээл заасан нь энэ. Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн Л.Пүрэвдоржтой хариуцлага тооцох ёстойг сануулсан ч энэхүү шийдвэрийг ёсоор болгож, төв банкинд халаа сэлгээ хийх цаг нь биш гэдгийг нөхцөл байдал анхааруулж байгаа юм. УИХ-ын сонгууль дөрвөн жилийн хугацаатай байдаг бол Монголбанкны ерөнхий­лөгч зургаан жилийн хугацаатай сонгогддог. Хоорондоо хоёр жи­лийн зөрүүтэй байдаг нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл ирэх сон­гуулийг дуустал төрийн мөнгөний бод­логыг Л.Пүрэвдоржийн мэдэлд төв­лөрүүлж, үхсэн ч, сэхсэн ч  “ясыг нь бариулах”-аас өөр аргагүй. Ха­риуцлага тооцох механизмыг боловс­ронгуй болгож чадаагүй нь гор энэ.

Төв банк Засгийн газраас хараат бус гэж манайхан онолддог ч үнэн хэрэг­тээ хэмжээлшгүй хараат бай­саар ирсэн. Тиймээс одоо л гэнэт ухаа­рах мэт улс төрийн хямрал дээр Монголбанкны дотоод хямра­лыг нэмэх хэрэггүй болов уу. Мон­голбанкнаас гадна Засгийн газар ч энэ удаагийн эдийн засгийн шокод хамгийн том буруутан билээ. Юу­ны өмнө Засгийн газар гэрийн даалгавраа хийгээгүй. Тэрхүү гэрийн даалгавар нь өнгөрсөн оны 10-12 сард нөөцийн махаа бэлтгэх явдал байсан. Гэтэл зоорио ч бэлтгээгүй байсаар хугацаа алдсан.  “Улсын хэм­жээнд 12 мянган тонн мах нөөц­лөх ёстойгоос одоогоор найман мянган тонн мах нөөцлөөд байна” хэ­мээн албаны эх сурвалжууд өчиж байгаа ч бодит байдал дээр үүнээс ч бага байж мэдэх юм. Шатахууны нөөцийн асуудал дээр ч мөн л эрс­дэлийг нарийн тооцоолоогүй, нөөц бэлтгээгүйгээс болж иргэдийг хүнд цо­хилтод оруулсан нь Засгийн газ­рын буруу. Засгийн газар энэ бүхнийг өнгөрсөн есдүгээр сар гэхэд хийгээд эхэлчихсэн байх ёстой. Жирийн ир­гэний хувьд “Тавантолгойн ор­дын 536 хувьцааг эзэмшчих юмсан”, “Өнгөрсөн сонгуулиар ам­ла­сан нэг сая төгрөгөө өгөөсэй”, “Ирэх сонгуулийг шинэ хуулиар явуу­лаасай” гэхээс илүү өнөөдөр талх, гу­рил, бензиний үнэ нэмэгдэж байгаа нь илүү аюултай бөгөөд чухал асуудал юм шүү дээ.

Харин цаашид яах вэ. Ямартай ч “даалгавар”-аа биелүүлж нөөц ху­римт­луулсан Монголбанкныхны буруу мэт тэдний нөөцөлсөн 2.5 их наяд ам.долларыг Засгийн газрын алдааг залруулахад ашиглаж болохгүй. Үүний зориулалт нь өөр юм шүү дээ. Төсөв батлахдаа гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг дөрвөн их наяд ам.доллар байхаар тооцоолсон. Гэтэл тэр том хэсэг одоо орж ирэх эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Яагаад гэвэл Монголд парламентын сонгууль бо­лох гэж байна. Хамтарсан Засгийн газар нь тарж бутарч, улс төр хямардаггүй юм гэхэд хөдөлгөөнд орж мэдэх нь гэдэг үүднээс хөрөнгө оруулагчид ажиглах, хүлээх байдалд ороод байгаа.

Нөгөөтэйгүүр Монголбанкныхан “Ам.долларын ханш өссөнөөс болж шатахууны үнэ өссөн гэдгийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй” байгаа би­лээ. Энэ нь ч аргагүй юм. Учир нь хэдийгээр импортын барааны үнэ ам.дол­ларын ханшаас хамаарах нь үнэн боловч энэ нь шатахууны үнийг 60-70 хувиар өсгөх шалтгаан бо­лохгүй. Хоёр жилийн өмнө ам.дол­­ларын ханш 1450 төгрөг, шата­­хуун 1200 төгрөг байсан. Одоо ам.долларын ханш хэвээрээ, ша­та­хуун 1900 төгрөг болчихоод бай­на. Тэгэхээр “Ам.долларын ханш өс­сөнөөс болж шатахууны үнэ нэмэгд­лээ” гэх теорем батлагдахгүй байгаа юм.

Зарим эдийн засагч “Өнгөрсөн жилд гадаад худалдааны тэнцэл алдаг­далтай гарсан. Түүнийгээ нөхөх гээд ам.долларын ханшийг өсгөж алдагдлаа нөхөж байна” хэмээн хардаж байна. Монголбанкныхан алдаагаа засахын тулд, валютын ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийсэн. Энэ нь нөхцөл байдлыг одоогийн хэмжээнд байлгаж байгаа. Тэгээгүй бол байдал улам хүндрэх байсан гэдэг нь ч үнэний ортой.

УИХ-ын сонгууль ойртож буй энэ үед улстөрчид үрэлгэн төсөв баталсандаа харамсах бус харин “Ямар ч аргаар хамаагүй нөхцөл байдлыг намжаах”-ыг Монголбанкнаас шахаж шаардаж буй нь илт ажиглагдаж байна. Тиймээс ч “Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах ёстой” хэмээх “айлгах төлөвлөгөө” зохиосон нь энэ биз. Гэтэл Монголбанкны гадаад валютын нөөцөд байгаа, түүхэндээ хамгийн ихэд тооцогдож буй 2.5 их наяд ам.долларыг ийм зориулалтаар зарцуулж болохгүй. “Гал унтраах” төдийхнөөр энэ нөөцийг үрэн таран хийхэд амархан ч хариуцлагыг нь улстөрчид хүлээхгүй шүү дээ.

Хэрэв олигтойхон Засгийн газар байсан бол бондоо зараад валютын орлогыг нэмэгдүүлж, түүгээрээ “гал унтрааж” болох байлаа. Харин одоо Засгийн газар ч, Монголбанк ч түргэн авч, ухаарч сэхээрэн зөв арга хэмжээ авлаа гэхэд үр дүн нь ирэх аравдугаар сараас нааш үзэгдэхгүй л болов уу. Дашрамд дурьдахад одоогийн байдлаар манай улсын нийт валютын эргэлтийн хэмжээ 20 их наяд ам.долларт хүрээд байна. Нийт орж ирж байгаа валютын урсгалын 65 хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлдэг. Энэ бол шууд улс төрөөс хамааралтай. Улс төр хямарч, гадаадын хөрөнгө оруулалт багасвал ханшид нөлөөлөх ийм л тогтолцоотой эдийн засагтай учраас учир мэдэх хүмүүс гадаад шокын талаар анхааруулаад байсан хэрэг.  Харин энэ удаа хугацаанаасаа өмнө эхэлсэн эдийн засгийн хямралын шалтгаан нь дотоод нөхцөл байдлаас, сайн дураараа улс төрөө хямралыг зарласан улстөрчдөөс шалтгаалсан нь тодорхой болж байна.

Одоо тэдэнд алдаагаа засах гарц тун хомс. Айсуй хүлээлтийг зөв мэдэрч маневр хийх, ард түмний төрдөө итгэх итгэлийг олж авахаас өөр аврал үгүй. Мөн өгөгдсөн нөхцөлд эдийн засгийн огцом шийдвэр гаргаж, ганцаарчилсан тоглолт хийвэл багаараа огцорно гэдгээ ойлгож байгаа биз дээ.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж