Ардчилсан намын эрх ашиг ямар хямдхан юм бэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын эрх ашиг ямар хямдхан юм бэ?

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хам­тарсан Засгийн газраас гарах болсноо мэдэгдэхдээ “2012 он гарлаа. Энэ онд УИХ-ын болон Орон нутгийн сонгууль хамт болох учиртай. Сонгуульд Ардчилсан нам, Ардын нам мэдээж тусдаа оролцоно. Тэгэхээр Ардчилсан нам өөрт ногдсон түүхэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн учир ирэх сонгуулиар ард иргэдэд ойлгомжтой, намуудын хийх ажил, үзэл баримтлал ялгарч харагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд   хамтарсан Засгийн газ­раас гарах нь зөв гэж үзэж байна” гэв. Яасан хямдхан эрх ашиг вэ, Н.Алтанхуяг дарга аа. Та бүхний сонгууль угтсан улс төрийн тоглолт Ардын намд бус, ард түмний амьдралд нэрмээс боллоо. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан улс төрийн болон эдийн засгийн хямралыг эхлүүллээ. Ардчилсан намынхан өнгөрсөн хугацаанд сөрөг хүч­ний үүргээ гүйцэтгээгүй. Харин үлдсэн хэдэн сарын хугацаанд дорвитой сөрөг хүчин байхаар шийдэж, халамжийн бодлоготой холбоотой нэг ч хуулийн төслийг “Хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ хэлсэн. Бойкотолж эхэлсний илэрхийлэл нь Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл юм. Энэхүү хуулийн төслөөр бойкот дуусахгүй биз ээ. Ардчилсан намын даргын хэлсэн үг “Ард түмэн яах вэ, гол нь сонгууль шүү дээ” гэсэнтэй утга нэг байгаа юм. Мөн ирэх сонгуулиар нэр дэвшихээр горилж буй намын гишүүдээсээ 50 сая төгрөгөө авч, бэлтгэлээ базаахыг яаравчилж байгаа нь нууц биш. Оны өмнө Сонгуулийн тухай хуулийг баталсан болохоор хийх ажлаа дуусаж, түүхэн үүргээ биелүүлчихлээ гэж Ардчилсан намынхан бодсон юм байх даа. Гэтэл өнөөх Тавантолгой стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өрхийн сарын дундаж орлогыг нэг саяас доошгүй төгрөгт хүргэх, бензин, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангах зэрэг ажлыг хийсэн гэж үү. Ямар учраас Ардчилсан намын дарга “Хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөрт ногдсон түүхэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлсэн” гэж хэлэв. Эсвэл Ардын намынханд үлдээж байгаа хэрэг үү. Хачирхалтай гэхэд дэндүү хачирхалтай юм. Сонгууль, улс төрөөс нэг алхмын өмнө ард түмнийхээ амьдралыг тавьж болдоггүй юм уу, Н.Алтанхуяг дарга аа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Нам тойрч хуримтлагдсан асуудал ойрын үед хэлэлцэх, шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг мөн. Нам бол манай орны хамгийн чухал зүйл биш. Нам бол  байх боломжтой олон байгууллагын нэг. Намаас чухал үнэ цэнэтэй эрх ашиг гэж монголчуудад бий” гэж хэлсэн шүү дээ. Төрийн тэргүүн чуулганы индэр дээрээс хэлж, сануулаад байхад “Үгүй ээ. Нам бол бидний “амьд” явах ирээдүй. Сонгууль бол оршин тогтнох боломж” хэмээн зүтгэх Ардчилсан намынхан хөөрхийлөлтэй юм.

Төрийн тэргүүн “Намаараа талцаж амжилт ололтоо өмчлөх гэдэг хуучаасаа бид салж чадаагүй байна. Улс төрийн намын тухай ойлголт түүний нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг зорилт, үйл ажиллагаа нь өнөөгийн бөгөөд ирж яваа цагийн шаардлагад нийцэхээ байжээ. Өнгөрсөн хугацаанд та бидний тогтоосон дүрэм журам, хууль тогтоомжийн сүүдэрт намууд маань нам царцжээ. Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэт­рээгүй. Хуучныг дагасан хуучирсан зохион байгуулалтаас хуучин л юм гарч байна” хэмээсэн удаатай. Ийн хэлсэнчлэн Ардчилсан намынхан “Ардчилсан” гэх тодотголтой хэдий ч энэ нь нийгэмд төдийлөн мэдрэгдэхгүй байна. Ингэж ойлгуулахыг нөхцөлийг хийсэн үйлдэл, хэлж буй үгнээсээ ил тод харуулсаар байгаа билээ. Х.Баттулга гишүүн “Монгол Улсын хөгжлийн төлөө хамтарна” гэсэн зорилготойгоор хамтарсан Засгийн газарт орсон” гэж хэлсэн байдаг. Гэтэл хөгжлийн төлөө зүтгэх үүрэгтэй Ардчилсан намынхан хаачсан бэ. Аль эсвэл зорилгоо өөрчилсөн үү. Эерэгээр бодъё гэвэл Монгол Улс хөгжлийн дээд цэгтээ хүрчихсэн хэрэг үү. Уг нь тэд ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийг сэтгэл зүрхнээсээ хүсдэг бас боддог байсан бол “Хамтарсан Засгийн газраас гарлаа” гэж хэлэх байсан болов уу. Ямартай ч Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн эхлүүлсэн төрийн хямрал хаана хүрээд зогсохыг хэн ч таашгүй.   

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж