Нелсон Манделагийн нам ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Нелсон Манделагийн нам ойгоо тэмдэглэв

Африкийн хамгийн анхны чөлөөлөх хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэж, Өмнөд Африкийн иргэд өнгөрсөн ням гаригт Африкийн Үндэсний конгресс намын далбааг барин дуулж, бүжиглэсэн гэнэ. Өмнөд Африкийн иргэд тус нам 1994 онд төрийн эрхийг барих болсноос хойш амлалтаа биелүүлээгүй гэдэг ч намын 100 жилийн ойг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэжээ. Африкийн хар арьст сэхээтнүүд, эсэргүүцэгчдийн 1912 онд байгуулсан тус намын 100 жилийн ойд Ерөнхийлөгч Якоб Зума, Африкийн төрийн тэргүүн, хаад, омгийн удирдагчдын хамт Веслейн бүтэн жилийн турш асах зул асаажээ. Харин энэ ёслолд Африкийн хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч асан Нелсон Мандела бие нь муугаас хүрэлцэн очиж чадаагүй аж.  Нелсон Мандела апартейд Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэний төлөөсөнд 27 жил шоронд хоригдсон бөгөөд түүний толгойлж байсан апартейдын эсрэг хөдөлгөөнийг АНУ террорист бүлэглэл гэж тунхаглаж байсан билээ. Африкийн Үндэсний конгресс 1994 онд цагаан арьстнуудын эрх ямбыг хязгаарлаж төрийн эрхэнд гарсан боловч Африкчуудад сайн сайхан амьдрал бэлэглэнэ гэж амласан Якоб Зумагийн Засгийн газар хээл хахууль, коррупцид холбогдож, нэр хүндээ алдаад байна. 2010 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон 45,000 хүний суудалтай Блум-фонтейн цэнгэлдэхийн дотор төдийгүй  гадна өнгөрсөн ням гаригт хэдэн арван мянган хүн цугларч Африкийн чөлөөлөх хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэсэн байна. Африкийн эрх баригчид үндэсний конгресс нам бол ядуу иргэд, ажилчин ангийн нам гэж тодорхойлдог ч сүүлийн жилүүдэд намын гишүүд тансаг амьдралын хэв маягийг дээдэлсэн хар арьст элит тэрбумтнуудын нам болон хувирсан юм.  Ажилгүйдэл 36 хувьтай байгаа Өмнөд Африкт залуучуудын 70 хувь нь ажилгүй байна. Мөн хүн амын тэн хагас нь үндэсний орлогын найм хүрэхгүй хувиар амьдралаа залгуулж байгаа юм. Блум-фонтейн цэнгэлдэхэд  эрх баригчид намын 100 жилийн ойг тэмдэглэж байхад 260 км зайд энэ үйл явдлыг эсэргүүцэгчид ойд оролцохоор явж байсан хүмүүсийн автобус руу чулуу нүүлгэж, цонхыг нь хагалжээ. Тэдгээр хүмүүс цэвэр усны дамжуулах хоолой барина гэж амласан ч хэлсэндээ хүрээгүй эрх баригчдыг огцрохыг шаардсан эсэргүүцэгчид аж. Тус улсын “Talk Radio 702” мэдээлснээр эсэргүүцэгчид цэнгэлдэх хүрэх замыг хааж, автобус руу халдсан байна. Африк тивийн томоохон эдийн засагтай энэ орон улс төрийн чөлөөлөх хөдөлгөөний 100 жилийн хөдөлгөөнийг тэмдэглэж байгаа боловч цагаан арьст цөөнхийн хянадаг эдийн засгийн хараат байдлаас чөлөөлөгдөж чадаагүй байгаа учраас дээрх шиг эсэргүүцлийн хөдөлгөөн улс орон даяар бараг өдөр болгон шахам гарах болсон байна. Өмнөд Африкийн апартейдын эсрэг тэмцэг, Нобелийн энхтайвны шагналт Дезмонд Туту саяхан хар цагаан арьстнуудын татварын ялгааг арилгахыг уриалсан юм. Хүний эрхийн төлөө тэмцэг Жессе Жексон “Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт арилаагүй. Энэ үзэл өнгөө өөрчлөн ирэх зуунд ч хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, банкны систем, тээвэр зохицуулалтад амь бөхтэй оршсоор байна” гэж нэгэн илтгэлдээ дурьдсан байна. Өмнөд Африкийн Үндэсний конгресс нам 1994 онд төрийн эрхэнд гарахдаа цагаан арьстнуудын эзэмшилд байдаг хөдөө аж ахуйн талбайн 30 хувь буюу 24.6 сая гектар газрыг  хар арьстнуудад эргүүлэн олгоно гэдэг амлалтандаа хүрч чадаагүй юм. Өмнөд Африкийн фермерийн аж ахуйн газрын 90 хувь нь одоо ч цагаан арьстнуудын мэдэлд байдаг гэнэ. Өнгөрсөн хугацаанд газрын тэмцлээс болж амиа алдсан хэдэн зуун фермер эрхлэгчдийн үхэлд тэдний хар арьст ажилчдыг буруутгасаар иржээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж