ЦЕГ-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

ЦЕГ-тай хамтран ажиллана

Цагдаагийн Ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар 2012 онд хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээнд ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нар өнгөрсөн амралтыэ өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор хоёр тал уг гэрээг байгуулжээ.

Энэ гэрээгээр Хэнтий аймгийн ЗДТГ орон нутгийнхаа хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр уулзалт зөвлөлгөөн зохион байгуулах, цагдаагийн газар, хэсгийн төлөөлөгч, сумын Засаг дарга нарын гурвалсан гэрээг байгуулж ажиллах, мал хулгайлах болон байгаль орчны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг өсч байгаа шалтгаан нөхцөлийг судалж арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл шинээр олгох ажлыг журамлан түүгээр үйлчилдэг цэгийн тоог бууруулах, сум багийн хэсгийн төлөөлөгч нарыг интернет модемоор хангах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон 2 сумын хэсгийн төлөөлөгчийг унаагаар хангах, хүүхдийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор аймгийн төвд “Хүүхэд хамгааллын төв” байгуулахаар үүрэг хүлээсэн байна.

Цагдаагийн ерөнхий газар гэрээгээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт дутагдалтай байгаа цагдаа, хэрэг бүртгэгч, замын зохицуулагчийн орон тооны асуудлыг судалж шийдвэрлэх, цагдаагийн газрын ажиллах нөхцөлийг сайжруулж автомашин, хурд болон согтуурал хэмжигч, мөрдөн байцаагчийн цүнх зэргээр хангах, Жаргалтхаан суманд замын хяналтын пост барьж байгуулахаар боллоо. Аймгийн цагдаагийн газар алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор туслах аж ахуйн орлогоор дүрс бичлэгийн хэрэгсэл, компъютерүүд авах, цагдаагийн алба хаагчийн амрах байр байгуулахаар гэрээнд тусгалаа.   

И.Байгальмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж