
Тэрбээр шагналаа гардан авсны дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулжээ.
-Мишель Платини гурван жил дараалан Ballon d’Or хүртсэнээс хойш ийм хэмжээний амжилтад хүрсэн анхны тоглогч нь та боллоо?
-Гурван удаа, ингэхдээ дараалан гурван жил хүртсэндээ үнэхээр бахархалтай байна. Яг л анх удаа хүртэж байгаа юм шиг баярлаж, талархаж байна.
-Та шагналаа багийн анд Шавид зориулж буйгаа хэлсэн. Хэрэв Шави тан руу бөмбөг дамжуулдгаа больчихвол өөрөө Ballon d’Or хүртэнэ гэж бодож байна уу?
-Үгүй ээ!!! Тэр миний тухай ямар бодолтой байдаг тухайгаа маш олон удаа илэрхийлж байсан. Би ч бас түүний адил бодолтой байдгаа хэлсэн хэрэг. Бид бие биедээ хэрэгтэй, нөхөрлөл ямар ч шагналаас илүү эрхэм шүү дээ.
-Та дөнгөж 24 настай, залуу байна. Харин бид Мессигийн оргил үеийг харж чадсан болов уу, эсвэл одоогийнхоос ч илүү зүйлийг хүлээх ёстой юу?
-Эрч хүчээ алдалгүй үргэлжлүүлж, дахиад олон цом хүртэхийг хүсч байна. Яг л өөрөөрөө байж, өөрийнхөөрөө тоглож, шигшээ багтайгаа хамт өндөр амжилт гаргахыг хүсч байна.
-Шигшээ багтаа харуулах зүйл үүнээс ч илүү байгаа гэж үү?
-Тийм. Би шигшээ багтайгаа цом өргөхийг хүсч байна. Нэг сайхан өдөр хүсэл маань биелнэ гэдэгт итгэлтэй байна.
-Та өөрийгөө аль талаараа илүү хөгжиж, сайжирна бодож байна?
-Өмнө нь хэлж байсанчлан тоглолтоо сайжруулахыг хүсч байна. Гала арга хэмжээнд оролцох аз завшаан надад таван удаа тохиолоо, дахиад ч олон удаа эргэн ирэхийг хүсч байна.
-Асар богино хугацаанд ийм гайхалтай шагналын эзэн болно гэж бодож байв уу?
-Үнэнийг хэлэхэд тэгж бодож байсангүй. Би топ төвшинд тоглохыг мөрөөдөж байснаас энэ гайхалтай шагнал, цом надад ирнэ гэж төсөөлж ч байгаагүй.
-Иймэрхүү үдэш анхаарлын төвд байх ямар байдаг вэ. Домог болсон агуу тоглогчдоор хүрээлүүлж, бүгд таныг дэндүү залуудаа энэ амжилтад хүрснийг биширч байна шүү дээ?
-/Нүүр нь ялимгүй улайв/ Цаашид ч гэсэн хөлбөмбөгөө тоглож, энэ спортын сайхныг мэдэрч, багаа амжилтад хүргэхийг л хүсч байна даа.
-2012 оны зорилго?
-Жил бүрийн эхэнд миний зорилго ижил байдаг. Хичээх, бүхнийг амжуулахын төлөө зүтгэх.