

Н.Алтанхуяг даргын Засгийн газраас АН гарах тухай асуудлыг яаран гаргаж тавьсан нь ҮЗХ-ны хурлаар өөрийг нь намын даргаас огцруулах асуудал орох болсонтой холбоотой хэмээн үзэх хэсэг ч байна. АН хамтарсан Засгийн газарт орохыг анхнаасаа эсэргүүцэж байсан хэсэг, мөн Алтангадас фракцыг таалдаггүй хэсэг Н.Алтанхуяг даргыг намын ажлаас нь чөлөөлөх саналыг нэлээд эртнээс тавьсаар ирсэн юм. Ерөөсөө ч АН-ын ҮЗХ-ны хурал бүхэн дээр намын даргыг огцруулах асуудал сөхөгддөг нь гэм биш зан. Хорин жилийн турш л тийм явж ирсэн. Харин Н.Алтанхуяг дарга үүнийг жаахан эмзгээр хүлээн авч, Засгийн газраас гарах болсноо яаран мэдэгдсэнээрээ ҮЗХ-ны гишүүдээс бас л зэм хүртэх бололтой байна.
ҮЗХ-ны хурал дээр намын даргыг солих асуудал тэртэй тэргүй гарна. Ингэхдээ Алтангадас, МоАХ фракцийн хооронд сөргөлдөөн гарна гэж ажиглагчид бас хэлж байгаа юм. МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга намын тэргүүний суудалд санаатай гэх мессеж бас эртнээс тарсан. Тиймээс маргааш болох ҮЗХ-ны хурлаар намын даргыг огцруулдагүй юм гэхэд ямар ч гэсэн хариуцлага тооцох тухай яригдана гэдгийг ойрын эх сурвалжууд хэлж байна.