хүйтний ид оргил үе нь болох идэр гурван ес өнөөдөр эхэлж байна. Идэр
гурван ес эхлэхтэй зэрэгцэн гадаах хүйтний эрч огцом чангарлаа. Тиймээс
нийт нутгийн цаг агаарын байдал болон өвөлжилт ямар байгаа талаар Ус
цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн сектор Ж.Цогтоос тодрууллаа.
-Нийт нутгаар өвөлжилтийн байдал ямар байгаа вэ?
-Ер
нь энэ жилийн хувьд нийт нутгаар өвөлжилтийн байдал харьцангуй гайгүй
байгаа. Нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй, нэлээд хатуурсан
шинжтэй байна. Гэхдээ энэ нь цаг агаарын аюултай үзэгдэл биш. Зарим
аймгийн нутгаар хүйтний эрч нэлээд чангарах төлөвтэй байна. Энэ жилийн
хувьд зуншлага харьцангуй сайн байсан, малчид ч хадлан тэжээлээ нэлээд
сайн бэлтгэж авсан болохоор өвлийг өнтэй давчих болов уу гэж найдаж
байна.
-Аль аймгийн нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа вэ?
-Дорнод,
Увс, Завхан аймгуийн нутгаар цасны зузаан нэлээд нэмэгдсэн байгаа. Энэ
хэвээр цааш хүйтрэх юм бол нэлээд хүндэрч болзошгүй гэж манай
мэргэжилтнүүд дүгнээд байна. Гэхдээ энэ бүс нутгаар өвөлдөө нэлээд цас
хаядаг, хүйтэрдэг онцлогтой бүс. Одоогийн байдлаар нийт аймгуудаас
өвөлжилт хүндэрсэн, хадлан тэжээл дутагдсан гэх мэдээлэл ирээгүй байна.
-Хэзээнээс дулаарах бол. Ер нь дулаарах янз байна уу?
-Энэ
сарын 20-ноос нийт нутгаар дулаарч эхлэх төлөвтэй байна. Харин
өнөөдрөөс хойш арав гаруй хоног нийт нутгаар нэлээд хүйтрэнэ. Угаасаа
өвлийн улирлын ид хүйтний үе нь. Өөрөөр хэлбэл оргил үе нь гэсэн үг. Энэ
үеийг л давчихвал өдөр өдрөөр дулаараад, шөнө нь богиносоод өдөр ч бас
уртсаад эхэлдэг шүү дээ. Мэдээж хэрэг ирж яваа цаг юм хойно дулаарч л
таараа. Энэ жил харьцангуй эрт дулаарах төлөвтэй байгаа гэсэн юм.
Дашрамд
дурдахад, маргаашнаас нийт нутгийн, төв болон зүүн зүгийн нутгийн зарим
газраар бага зэргийн цас орно. Салхи говийн аймгуудын нутгаар секундэд
12 метр хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс
голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын
сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говь болон
говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэмийн
хүйтэн байх бол бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэмийн
хүйтэн байна.