Нигерт шатахууны үнээс болж ажил хаялаа

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Нигерт шатахууны үнээс болж ажил хаялаа

Дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Нигерийн Засгийн газар өнгөрсөн даваа гаригт шатахууны үнийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас болж тус улсад бүх нийтийг хамарсан ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Улс орон даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн иргэд, цагдаа нарын хоорондох мөргөлдөөн болж хувирчээ. Нигерийн Кано мужид цагдаа нар жагсагчдын эсрэг гал нээсний улмаас 13 хүн гэмтэж бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн нэг болох Нигерийн анагаахын нийгэмлэгийн дэд дарга Шехи Али болсон явдлын талаар мэдэгдэхдээ “Шатахууны үнийг нэмсэнийг эсэргүүцсэн иргэд цугларч, мэдэгдэл хийж байх үеэр гэнэт цагдаа нар ирж, гал нээж, нулимс асгаруулагч хэрэглэсэн” гэжээ.  Цагдаа нарын суманд өртсөн хүмүүсийн дунд хүзүүндээ шархадсан 12 настай хүү байгаа гэнэ. Харин Кано мужийн цагдаагийн комиссар цагдаа нар энгийн иргэд рүү гал нээснийг үгүйсгэж, “Хууль сахиулагчид Засгийн газрын эсрэг үймээн самуун зохион байгуулсан хар тамхичин, гэмт этгээдүүдийн эсрэг нулимс асгаруулагч хэрэглэсэн гэж мэдэгдсэн байна. Мөн Лагос хотод болсон тайван ажил хаялтын үеэр Нигерийн хөдөлмөрийн конгрессын гурван гишүүн  цагдаа нарын суманд өртөж амиа алджээ. Гэвч Нигерийн эрх баригчид цагдаа, иргэдийн хооронд гарсан мөргөлдөөний талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа гэнэ. Бараг найман сая хүн амтай Нигерийн Лагос хотын бизнес эрхлэгчид орон даяар өрнөж буй ажил хаялтад нэгдэж, даваа гаригаас эхлэн үйлдвэр үйлчилгээний газруудаа хаасан тул хотод энгийн өдрүүдийг бодвол зам тээврийн хөдөлгөөн багасчээ. Ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас тус улсын иргэнийг аюулаас хамгаалах хүчний коммандлагч хагас цэрэгжүүлэлттэй армийн 43,000 гишүүд, 160,000 сайн дурынхныг татаж, эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнөөс  гэмт үйлдлээ зогсоохыг шаарджээ. Африкийн газрын тос үйлдвэрлэгч хамгийн том улсын нэг Нигери нэг литр шатахууны үнийг энэ сарын 1-нээс 0.86 ам.доллар болгон хоёр дахин нэмжээ. Харин нэг литр шатахууны хар захын ханш 0.62 ам.доллар байснаа 1.23 ам.доллар болж нэмэгджээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж