Галын 13 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Галын 13 дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр гал түймрийн 13 дуудлагыг хүлээн авч, гарсан галын тархалтыг зогсоож бүрэн унтраажээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгонд  8х12 метрийн хэмжээтэй гурван давхар байшингийн гал тогооны өрөө, тааз,  дээврийн хэсэг шатаж байгаа гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар дугаар ангийн тасгийг гаргахад гал тархсан байсан тул Аврах гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гэрэл холбооны автомашины хамт  мөн  Аврах гал унтраах 14 дүгээр ангийг нэмэлтээр гаргасан.  Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч, Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга дэд хурандаа Д.Эрдэнэбаатар, ГУАХЧА мэргэжилтэн дэд хурандаа Д.Баярбаатар болон жижүүрийн бүрэлдэхүүн ажиллаж иргэдийн 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг  авран хамгаалжээ.  Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын урд зам дээр “Элентра” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг  шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасаг,  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гудамжинд 8х8 метрийн хэмжээтэй байшин  шатаж байсныг Аврах, гал унтраах 10 дугаар дугаар ангийн  хоёрдугаар тасаг, нэмэлтээр Аврах, гал унтраах 28,  63 дугаар ангийн тасаг ажилласан байна. Хүйтний улиралд нийслэлийн хэмжээнд  обьектын галын дуудлага нэмэгддэг. Сүүлийн гурван долоо хоногт гэхэд  210 удаагийн галын дуудлага иржээ. Галын шалтгаан нөхцөл нь хүмүүсийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой байгаа юм.  Иймээс  НОБГ-аас дараахи санамжийг хүргэж байна. Үүнд:

  • Цахилгаан хэрэгслийн ачааллыг тохируулж цахилгааны утас халсан эсэхийг тогтмол шалган цахилгаан халаагуурыг хөшигнөөс зайтай байрлуулах, хувцас хатаах зорилгоор ашиглахгүй байх,  
  • Хэт ядарсан, тайвшруулах эм уусан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тамхи, лаа асаах зэргээр ил гал гаргахүй байх,
  • Шүдэнз, асаагуур зэргийг бага насны хүүхдээс хол, гар хүрэхгүй газарт байрлуулах,
  • Богино долгионы зууханд төмөр эдлэл хийхгүй байх,
  • Гал гарсан үед гадагш гарах аюулгүйн гарцтай болох, гэр бүлийнхэндээ хэрхэн гарахыг заах,
  • Байшин, амины орон сууцанд амьдардаг айл өрхүүд галын дохиоллыг суурилуулах,
  • Эвдэрсэн, цуурсан зэрэг шаардлага хангахгүй болсон пийшин, зуухыг яаралтай засварлах, яндангийн залгаасыг зөв угсрах, дээврийн хөндийд төмөр хаалт хийх /яндангийн дээвэр лүү гарсан хэсгийн эргэн тойронд төмөр хаалт хийснээр яндангийн халалт, цонолтоос сэргийлнэ/
  • Гал гарсныг мэдсэн даруйд яаралтай 101 дугаарын утсанд залгаснаар  эрсдлийг бууруулна,
  • Гал гарсан тохиолдолд тэвдэж сандралгүйгээр гадагш гарах, хаалга онгойлгохоос өмнө халсан эсэхийг шалгах /хаалга халсан бол нөгөө тал нь шатаж байх магадлалтай/, утаа гарсан бол доошоо сууж мөлхөж гарахыг  /доогуур утаа сийрэг, агаар арай цэвэр байдаг/ зөвлөж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж