Улс төр хийж бензиний үнэ өсгөснөө Монгол банк руу чихээд байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Улс төр хийж бензиний үнэ өсгөснөө Монгол банк руу чихээд байна уу?

Хамтарсан засаг тарсан сенсаац долоо ч хонолгүй моодноос гарч, бензиний үнэ цаг үеийн хамгийн халуун сэдэв болоод байна. Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтын эзгүйд дэд сайд Б.Арвинсан нь шийдвэр гаргаж, амралтын өдрүүд угтуулан бензиний үнийг нэмэхийг зөвшөөрсөн байх юм. Шалтгаанаа валютын ханшийн өсөлттэй холбож байгаа аж. Гэтэл бензиний үнийн өсөлтийн шалтгаан болоод байсан валютын ханш өчигдрөөс бууж эхэллээ. Найман шарга зах дээр 1450 хүрч байсан ам.доллар 1416 руу ороод иржээ. Одоо дахиад бууна гэсэн хүлээлт ченжүүдийн дунд байна. Монгол банк валютын ханшийг тогтворжуулах, бууруулах талаар ямар нэгэн алхам хийгээгүй байхад ийнхүү зах зээлийнхээ жамаар валютын ханш буцаад уначихлаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд “Бензиний үнийн өсөлтөнд Монгол банк буруутай” гэсэн мессеж хэвлэлүүдээр цацагдаад эхлэв. Монгол банк валютын ханшийг барьж чадаагүй учраас түүнийг нь дагаад бензиний үнэ өссөн гэсэн муйхар гаргалгаа юмуу даа. Яг үнэндээ валютын ханш сүүлийн хоёр сарын дотор 70 төгрөгөөр л өссөн байхад шатахууны үнэ шууд 260 төгрөгөөр огцом нэмэгдсэн. Үйл явдлын өрнөлөөс харахад Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын лидерүүд нийгмийн анхаарлыг хамтарсан засгаас гарсан дуулианаас өөр зүйлд хандуулах, бууриа сахиж үлдэж байгаа Ардын намыг шаварт хутгах гэсэндээ бензиний үнийг хөөргөдчихөв үү гэх хардлага өөрийн эрхгүй төрөөд байна. Ямар ч байсан долларын ханшны өсөлт бол бензиний үнэ 260 төгрөгөөр нэмэгдэх шалтгаан биш гэдэг нь тодорхой боллоо. Тэгэхээр Шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг тогтоох ажлын хэсэг ямар дүгнэлт гаргахыг л хүлээх үлдэх шив.

Б.Болд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж