“Ардчилсан Үндсэн хууль-20” бага хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Ардчилсан Үндсэн хууль-20” бага хурал эхэллээ

Төрийн ордонд “Ардчилсан Үндсэн хууль-20”  эрдэм  шинжилгээний бага хурал эхэллээ. Түүнд 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурал, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм. Ардчилсан Үндсэн хуулийн төслийг одоогоос 20 жилийн өмнө  нийт ард түмнээр гурван сар шахам хугацаанд хэлэлцүүлж, тэр үеийн 1,2 сая сонгогчдын 75 орчим хувь буюу 900 мянга гаруй хүнээс давхардсан тоогоор2 00 мянга гаруй санал авсан бөгөөд тэдгээр  саналын 44,3 хувь нь уг  төсөлд ямар нэг байдлаар тусгагджээ. Үндсэн хуулийн төслийг УлсынБагаХурлаар дөрвөн удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засагз ахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй.

Эрдэм шинжилгээний бага хурлыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү нээж үг хэллээ.

Тэрбээр “Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр бол Монголчууд бид түүхэндээ анх удаа өөрсдийн оюун ухаанаараа, хэнээс ч хараат бусаар  хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, иргэн төвтэй төр улсыг тунхагласан  ардчилсан  Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр билээ. 20 жилийн тэртээ Шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар манай нийгмийн улстөр, эдийн засаг  харилцаанд  эрс шинэчлэл хийгдэж, айл гэр, хувь хүний амьдрал, нийгмийн соёл, оюуны хүрээнд   үнэлж баршгүй хөгжил дэвшлийг авчирч, Монгол Улс дэлхий дахинаа  Ардчилсан Монгол улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүнд нь өссөөр ирлээ.
Иймээс Монголын ард түмний хамтын бүтээл болсон Ардчилсан Үндсэн хуулиа баталсан энэ өдөр Монголчууд бид бүхний төрт ёсны нэгэн баярт өдөр болох нь зүй билээ.

Жил бүрийн Үндсэн хуулийн баярын  өдрийг тохиолдуулан  УИХ олон арга хэмжээ зохион байгуулдаг. Бид энэ удаа Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан Үндсэн хууль бүтсэн талаар ном бүтээх, баримтат кино хийх, Ардчилсан Үндсэн хууль бүтээгчдийн гэрэл зургийн цомог гаргах, сэтгүүлчдийн дунд “Ардчилсан Үндсэн хууль” сэдэвт шилдэг бичлэг, сурвалжлагын уралдаан зохион байгуулах, зарим их дээд сургуулиудын оюутнуудад Ардчилсан Үндсэн хуулийн түүхэн үүрэг ач холбогдлын талаар хичээл заах, уулзалт зохион байгуулах, мөн Төрийн түүхийн музейн дэргэд “Ардчилсан үндсэн хууль-20” булан, фото зургийн үзэсгэлэн гаргах, парламентийн номын санд номын булан нээж ажиллуулах, тус хуулийг батлахад оролцсон эрхэм хүндтэй хүмүүсээ шагнаж урамшуулах зэрэг өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулж байна.

Ийнхүү илүү өргөн хүрээтэй арга хэмжээг УИХ-аас зохион байгуулж байгаагийн нэг нь Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-ын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Ардчилсан Үндсэн хууль -20” эрдэм шинжилгээний хурал юм. Энэхүү хурлын зорилго нь Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны ач холбогдлыг олон нийтэд хүргэх, Үндсэн хуулийн дархлааг хангахад юуг анхаарах ёстой, Үндсэн хуулийн үзэл баримтлал, судалгааны шинэ чиг хандлагуудыг эрдэмтэн мэргэд Та бүхэнтэйгээ хамтран ярилцах явдал билээ “ гэлээ.

Уг хуралд ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн захирал, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид “Шинэ ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний бүтээл мөн” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Ч.Өнөрбаяр “Үндсэн хуульт ёсны хөгжил, чиг хандлага” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн Их сургуулийн багш, докторант Л.Өлзийсайхан “Үндсэн хуулийг дээдлэх ёс ба түүний дархлааг тогтоох нь” сэдвээр мөн Удирдлагын академийн Захиргааны сургуулийн захирал доктор, профессор Ч.Энхбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх зүйн байдал: Үндсэн хуулийн зохицуулалт ба өнөөгийн практик” сэдвээр тус тус илтгэл тавихаар болжээ.

Харин Б.Чимид хуульч гадаадаас ирж амжаагүй учраас Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, Удирдлагын академийн багш, докторант  Р.Мухитийг өөрийн төлөөлөл болгон илтгэлээ тавиулахаар ирүүлсэн байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж