“Төрийн мэдээлэл”-ийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн тойм

“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2012 оны 01 дугаарын тойм

Эмхтгэлийн шинэ дугаарт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Уг хуулиар Эрчим хүчний зохицуулах зөвлөлийг зохицуулах хороо болгон өөрчилсөн бөгөөд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэгтэй дээрх хороо нь орон тооны гурав, орон тооны бус хоёр нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар болж байгаа юм. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийг нийтэллээ. Цахим болон тоон гарын үсгийг хэрэглэх эрхзүйн үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгохтой холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулж байгаа юм. Цахим гарын үсэг гэж цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэгт, дүрсийг агуулсан цахим өгөдлийг хэлж байгаа бол тоон гарын үсэг гэж цахим барим бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф ашиглан хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн төрлийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Цахим болон тоон гарын үсгийг хэрэглэх, тоон гарын үсгийн гэрчилгээ, түүнийг хэрхэн олгох, гадаад улсын тоон гарын үсгийн гэрчилгээ, түүнийг олгох үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг зөвхөн "Төрийн мэдээлэл" эмхтгэлээс авах боломжтой. Түүнчлэн уг хуулийг дагалдан гарсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг нийтэллээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтлэв. Уг хуулиар 12 дугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгожээ. Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Уг тогтоолоор төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүлэх (тоон гарын үсгийн хэрэглээг нийтэд сурталчлах, сургалт зохион байгуулах, төрийн болон төсөвт байгууллагыг техник хэрэгслээр хангах, холбогдох дүрэм, журмыг боловсруулах, мэдээллийг кодлох, цахим мэдээллийн сан бүрдүүлэх болон бусад арга хэмжээг хамааруулсан) төлөвлөгөөг боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлэхээр заажээ. Түүнчлэн Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох нөхцөлтөйгөөр иргэний ухаалаг үнэмлэхэд суурилуулан олгож, уг арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан байна.

Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг мөн нийтэллээ. Мөн Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Монгол Улс "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр баталж, 2011-2016 онд нийслэлийн авто замыг шинэчлэн сайжруулах, аймгийн төвүүдийг нийслэл болон ойролцоох хилийн боомттой холбосон 5572 км хатуу хучилттай авто зам, 990 км хурдны зам барих зорилт дэвшүүлээд байгаа юм. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, удирдлага зохион байгуулалт, шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн талаар эмхтгэлийн хуудаснаас танилцах боломжтой.

"Төрийн мэдээлэл" эмхтгэлийн редакци
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж