Лондон-2012 олимпод өндөр найдвар үзүүлэх боломжтой гэх хоёр тамирчныг “Рио Тинто” нэрлэж, элч тамирчнаараа өргөмжиллөө. Гуанжоугийн Азийн наадмын аварга Монголын чөлөөт бөхийн 60 кг-ын жинд “босоо” яваа Г.Мандахнаран, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, дэлхийд чансаагаараа долдугаарт бичигдэж буй, Гранпри болон дэлхийн цомын хошой аварга П.Лхамдэгд нарыг “Рио Тинто” ийн онцолжээ.
“Оюутолгой” компани өмнө нь дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг элч тамирчнаараа өргөмжилж байсан. Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин “Бид Лондоны олимп, мөн паралимпийн тус бүр есөн эрх аваад байгаа. XXX олимпод 30-аас доошгүй эрх авах зорилготой байгаа” гээд “Оюутолгой” олимпийн тамирчдыг дэмжиж байгаад талархлаа илэрхийлэв. Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэгчлэн Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар Бээжингийн олимпийн үеэр элчин сайдын яаманд ажиллаж байхдаа Монголын баг тамирчдыг хүлээн авч, бүх талаар туслаж дэмжиж байсан “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, олимпийн алтан түнш болсон “ОюуТолгой” ХХК-ийн ерөнхий захирал Камерон МакРей нарыг Биеийн тамир спортын 90 жилийн ойн медалиар шагналаа. Мөн элч тамирчид ”Монголын нүүр царай болсон энэ компанийн элч тамирчин болсондоо баяртай байна” гээд ”ОюуТолгой” компанийн гурван удирдлагын нэрийг бичсэн спортын хувцсыг бэлэглэсэн юм. Тэдний сэтгэгдлийг сонслоо.
Жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд: -Маш их баяртай байна. Монголыг тэргүүлж байгаа “ОюуТолгой” компани, түүнийг удирдан ажиллуулж буй ”Рио Тинто” компанийн элч тамирчнаар өргөжлөгдлөө. Лондоны олимп ойртож байна. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, улам их хичээх болно.
Чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран: -Тамирчин хүн эх орон, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэг. Хариуцлагынхаа төлөө хичээдэг. Бэлтгэлээ хангалттай хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олимпод оролцохын төлөө маш их бэлтгэл хийсэн. Том компанийн элч тамирчин болсондоо баяртай байна. Тамирчдыг дэмжсэнээр тэдэнд асар их эрч хүчийг өгдөг. Ар гэртээ санаа зовохгүй, зөвхөн бэлтгэл сургуулилтад анхаарах нь амжилт гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс хариуцлагаа ухамсарлаж, итгэлийг нь алдахгүй ээ.