Христос шашинтнуудын Зул сарын баяр дөхөж байх үеэр Европын төв–Чех улсад нэгэн том хүн тэнгэрт халилаа. 2011 оны 12-р сарын 18-нд Чехийн улс төрч, зохиолч, коммунист дэглэмийг эсэргүүцэгч Вацлав Хавэл 75 насандаа бурхан болов. Вацлав Хавэл дэлхийд юугаараа алдартай, хэдий хэр нэр хүндтэй хүн бэ гэдгийг би өөрийн хэр хэмжээгээр багцлахыг хичээе. Энэ хүн Чехословак улсын 9 дэх буюу сүүлчийн ерөнхийлөгчөөр (1989-1992), Бүгд найрамдах Чех улсын анхны ерөнхийлөгчөөр (1993-2003) сонгогдон ажиллаж байв. За жаахан эхнээс нь.
1936 онд Чехийн бизнес эрхлэгч, сэхээтний гэр бүлд Вацлав төржээ. Энэ гарал нь түүнийг „хөрөнгөтний“ үр сад хэмээгдэхэд хүрч хөрөнгөө хураалгаж, 50 60-аад оны үед хүссэн сургуульдаа суралцан дээд боловсрол олж авах эрмэлзлэлд нь байнга дарамт учруулж боогдуулж байв. Ялангуяа нийгмийн болон хүмүүнлэгийн чиглэлээр суралцах гэсэн боломж нь хаалттай байлаа. Амьдралынх нь арвин их түүхээс товчхоноор дурдвал 1955 оноос эхлэн зохиолчдын бүлэг, дугуйлан зэрэгт оролцож, байгуулалцаж, утга зохиолын шүүмж, нийтлэл, жүжиг, эссэ бичдэг болж, гол нь тухайн үеийн коммунист дэглэмийг шүүмжилдэг байлаа. 1968 онд Варшавын гэрээний орнууд Чехословак улс руу цэргээ оруулсаны дараа, үүнийг хүчтэй эсэргүүцсэн Хавэлын хэвлэн нийтлэх эрхийг хасаж тэр үеийн нийгмийн эсэргүү үзэлтэн болсон юм. Түүний тэмцэл гэвч элдвийн шахалт хавчилтанд дарагдалгүй улам идэвхижсэн төдийгүй 1975 онд тэр үеийн Чехословак улсын ерөнхийлөгч Хусакт нээлттэй захидал бичиж байв. Хавэл улс төрийн хоригдлуудыг өмөөрөн тэмцэж, 1977 онд хүний эрхийн төлөө уриатай гарч ирсэн „Харта 77“ хөдөлгөөний удирдагчийн нэг боллоо. Энэ бүхэн нь мэдээж коммунист дэглэмийн нүдэнд орсон хог болж түүнийг нийтдээ 5 жил орчим шоронд хорьж цагдсан ч тэр хэрээрээ түүний гадаад дахь нэр хүнд өсөн бэхжсэн билээ. Шоронд хоригдож байх үедээ уушигны хатгаа өвчин, амьсгалын замын үрэвсэл тусч байсан нь хожим түүний эрүүл мэндэд асар нөлөө үзүүлж 1996 онд баруун уушигныхаа талыг тайруулсан бөгөөд үүнээс хойш эрүүл мэндийн хувьд эмч нарын байнгын хяналтанд байсаар уг өвчний уршгаар нас эцэслэсэн билээ.
1988 оны 12-р сард Францын ерөнхийлөгч Франсуа Миттерантай өглөөний зоог барьсан нь барууныхан Чехословак улсын сөрөг хүчнийг үндсэндээ хүлээн зөвшөөрч дэмжиж буйн илрэл болсон юм. Үүний маргааш буюу Хүний эрхийн өдрөөр Прага хотноо цуглаан зохион байгуулж үг хэлсэн бөгөөд энэ хэргийнх нь төлөө түүнийг дахиад л баривчлан хорьжээ.
Гэвч сөрөг хүчнийхний хүчтэй шахалт, тэмцлийн үр дүнд 1989 оны 11-р сард коммунист дэглэм задрах шатандаа орсон юм. 1989 оны 11-р сарын 17-нд Прагийн Үндэсний өргөн чөлөөнд болсон оюутнуудын жагсаалыг цагдаа нар хөөн тараасны дараа Хавэл, нэг намт дэглэмийн эсрэг тэмцэгч бүх хөдөлгөөнүүдийг нэгтгэсэн „Иргэний форум“ байгууллаа. Улс төрийн байдал эрс хурдацтай өөрчлөгдөж нэг намын тогтолцоо бутарч эхэллээ. Ерөнхийлөгч Хусак албан тушаалаасаа огцорлоо. Үүний дараа 12-р сард Вацлав Хавэл Чехословак улсын ерөнхийлөгчөөр сонгогдов. 1990 оны 1-р сарын 1-нд ард түмэнд хандсан шинэ жилийн мэндчилгээндээ „Манай улс хөгжихгүй байна“ хэмээн ил тод мэдэгдлээ. Төрийн тэргүүн болсон даруй ардчилсан зарчим дээр тулгуурласан анхны чөлөөт сонгууль явахад бэлдэж эхлэв.
Вацлав Хавэл, коммунист дэглэмийн үеийн зүтгэлтнүүдтэй зөөлөн энэрэнгүй харьцлаа, шоронд хоригдогсдод хэт олноор өршөөл үзүүллээ, үүнээс болж гэмт хэрэг өслөө (гэвч энэ нь хэзээ ч статистик баримтаар батлагдаагүй юм) хэмээсэн шүүмжлэлд ихээр өртөж байв.
Чех, Словак хоёр орон нэгдсэн нэг улсыг хэвээр үлдээхийн төлөө Хавэл хичээн зүтгэж байсан боловч анхны ардчилсан сонгуулийн дараа түүний улс төрийн өрсөлдөгч нар (Чехэд Вацлав Клаус, Словакт Владимир Мэчиар нар) хоёр улсыг дагнуулахын төлөө тэмцэж, Чехословак улс задран салах шат улам ойртож ирлээ. Хавэлын дотоод улс төрийн нөлөө нь суларч, ялангуяа Словак улсад Хавэлыг ил тодоор эсэргүүцэх болов. 1990 онд парламент Хавэлийг ерөнхийлөгчөөр дахин сонгоогүй юм.
Гэвч тэрээр гадаад тавцан дээр амжилттай байж улс орноо барууны ертөнцөд багтаан, зөвлөлтийн нөлөөллөөс ангижруулж чадсан юм. Нутаг орноосоо зөвлөлтийн цэргүүдийг гаргаж, АНУ-ын ерөнхийлөгч Ж. Буш, пап лам Ян Павэл II нарыг урьж айлчлуулан, улс орноо НАТО, Европын Холбоонд элсүүлэхээр бэлдэж эхлэв.
Бие даасан Бүгд найрамдах Чех улсын төрийн тэргүүнээр 1993 оны 1 дүгээр сарын 26-нд ахин сонгогдон энэ албанд тасралтгүй арван жил зүтгэсэн юм. Улс төрийн гадаад бодлогоо улам бэхжүүлсэний дүнд БНЧУ 1999 онд НАТО-д гишүүнээр орлоо.
1997 онд Японы Ёхэй Сасакава (philanthropist Yohei Sasakawa), Энхтайвны төлөө Нобелийн шагналт, жүүд үндэстэн Эли Вэйзэл (Elie Eliezer) Wiesel) нартай хамтран “ФОРУМ 2000”-ыг үндэслэв. Энэ форум нь олон улсын тавцанд нэр хүндтэй, сайн үйлсийг ивээн тэтгэгч байгууллага болжээ. Жил бүр олон нийтийн нэрт зүтгэлтнүүдийг урин цуглуулж хурал зөвлөгөөн хийдэг бөгөөд үүнд жишээ нь, хунтайж Hassan bin Talal, Yohei Sasakawa, Frederik Willem de Klerk, Bill Clinton, Oscar Arias Sánchez, Далай лам, Šimon Peres, Mario Soares, Hana Suchocká, Sergej Kovaljov, Jorge Castaneda, Madeleine Albright, Wole Soyinka нар оролцож байв.
Вацлав Хавэлын нэг онцлог бол шулуун шударга, өөрийн үзэл бодолдоо чигч хатуу ч энэрэнгүй зөөлөн замыг эрэлхийлдэг хүн байсан.
1990 онд Чехословак улсын ерөнхийлөгч болмогцоо Түвдийн 14 дүгээр Далай ламыг эх орондоо урьснаар, 2 дугаар сард зочилсон юм. Хятадын засгийн газар өөрийн элчин сайдын яамаараа дамжуулан удаа дараа эсэргүүцлээ илэрхийлдэг боловч Вацлав Хавэл Далай ламыг 1990, 1997, 2000, 2002, 2003, 2007, 2008 , 2011 онуудад нийт найман удаа урьж авчирсан бөгөөд Дээрхийн гэгээнтэн найм дахь удаагаа, Вацлав Хавэлийг нас барахаас долоо хоногийн өмнө буюу 2011 оны 12-р сарын 10-нд Прагад 3 хоног айлчилж „Форум 2000“-д оролцсон билээ.
Нөгөө нэг жишээ бол Вацлав Хавэл Оросын одоогийн улс төрийн систем, бодлогод шүүмжлэлтэй ханддаг нэгэн байсан. Британийн „Daily Telegraph“ сонинд 2009 онд өгсөн ярилцлагадаа „Владимир Путин бол маш тооцоотойгоор улс төрийн тоглоом тоглодгоороо Борис Ельцинээс илүү аюултай хүн“ гэж хэлж байлаа.
Германы „Werkstatt Deutschland” хэмээх байгууллагаас олон улсын төрийн зүтгэлтнүүдэд олгодог Куадригийн шагналыг 2009 онд хүртсэн бөгөөд түүний дотооддоо болон гадаадад авсан үй олон шагналаас үүнийг онцолж буйн учир нь, 2011 онд уг байгууллага дээрх шагналыг Оросын Засгийн газрын тэргүүн Владимир Путинд өгөх гэснийг эсэргүүцэж “Хэрвээ Путинд энэ шагналыг олгох бол би шагналаа буцааж өгнө” хэмээн мэдэгдсэн билээ. Үүний улмаас уг шагналын зөвлөлийнхөн онц хурал зарлаж, Путинд өгөхийг эсэргүүцсэн зарим гишүүд гишүүнээсээ татгалзаж, эцэст нь Путинд “Quadrig“-ийн шагналыг олгохоо больсон юм.
2008 онд Орос Гүржийн хооронд гарсан зөрчилдөөний үеэр Хавэл Гүржийг бүрэн дэмжиж, тухайн үед Прага дахь Оросын элчин сайдын яамны өмнө хийсэн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулагчдад, тэдний үйл ажиллагааг бүрэн тууштай дэмжиж байгаагаа болон „Гүрж улс бол хараат бус, эрх чөлөөт улс мөн, энэ хэвээрээ ч үлдэх ёстой“ хэмээн бичсэн захидлыг илгээж байв. Энэ асуудлаар 2009 онд зарим төр улсын зүтгэлтнүүдийн хамт Европын Холбоонд хандаж, Гүрж улс тайван замаар өөрийн нутаг дэвсгэрээ мэдэлдээ бүрэн авах, Оросын цэргийг гаргахад нь туслахыг уриалж байв.
Түүний хувийн амьдралын талаар товч дурдвал 1964 онд Олга хэмээх бүсгүйтэй суусан бөгөөд энэ эмэгтэй түүний амьдралын хамгийн хүнд хэцүү үеүдэд ч түшиг тулгуур нь байсаар 1996 оны 1 дүгээр сард хүнд өвчнөөр нас барсан юм. Жилийн дараа Дагмар хэмээх өөрөөс нь 17 дүү жүжигчин бүсгүйтэй гэрлэсэн. Хавэл өөрийн үр хүүхэдгүй хүн байлаа.
Үүгээр түүний амьдрал, үйлсийн талаар дурдахаа цэглэж харин дэлхий даяар түүний хэр их нэр хүндтэй хүн байсныг илэрхийлэх цөөн баримтыг түүний оршуулгын үйл ажиллагаатай уялдуулан дурдъя.
Вацлав Хавэлыг нас барахад дэлхийн олон оронд эмгэнэлийн мэдээ гарч олон төр улсын зүтгэлтнүүд харууслаа илэрхийлж байлаа. Оршуулгад оролцохоор 15 орны ерөнхийлөгч, 2 хунтайж, мөн олон ерөнхий сайд, төрийн зүтгэлтнүүд ирсэн юм. Үүнд АНУ-ын Гадаад хэргийн сайд Хиллари Клинтон нөхөр, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон болон АНУ-ын Гадаад хэргийн сайд асан Мэдлин Олбрайтын хамт, Францын ерөнхийлөгч Николас Саркози, Британийн ерөнхий сайд Дэвид Камэрон, Европын комиссын дарга Хосэ Барросо, Германы ерөнхийлөгч Христиан Вулфф, Австрийн ерөнхийлөгч Хайнц Фишэр, Польшийн ерөнхийлөгч асан, Хавэлын дотны анд Лэх Валэса, Словакийн ерөнхийлөгч Иван Гашпарович, ерөнхий сайд Ивэта Радичова нарын зэрэг 41 орны нэр хүндтэй төлөөлөл байлаа.
BBC агентлаг “Вацлав Хавэл өнөөгийн Европын агуу хүмүүсийн нэг байлаа. Түүний дуу хоолой, нэгдсэн, эрх чөлөөт Европын замыг тавьж өгч байв”, гэж мэдээндээ дурджээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Вацлав Хавэл миний хувьд урам зориг өгөгч байлаа”, Британий ерөнхий сайд Дэвид Камэрон “Европ тив Хавэлд их өртэй”, Германы ерөнхий канцлэр Ангэла Мэркэл “Хавэл бол эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэгч, өөрийн хүнлэг чанараараа хэзээ ч мартагдахгүй мөнхрөх болно”, Польшийн ерөнхийлөгч асан Лэх Валэса “Вацлав Хавэл Нобелийн шагнал авах гавьяатай хүн” гэх зэргээр хэлсэн байна. Дашрамд дурдахад, Хавэл Нобелийн шагналд хэд хэдэн удаа нэр дэвшигдсэн билээ. Оросын сөрөг хүчнийхний хэвлэл “Новая газета”, саяхан Медведев, Путин нарын эсрэг нүсэр цуглаан болсон Москва хотын “Болотная” талбайг Вацлав Хавэлын нэрээр нэрлэх санал гаргаж гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлээд байна.
Хавэлийн оршуулгын үйл явцаас „BBC World News“, „CNN“, „Sky NEWS“ мэдээллийн сувгууд тайлбартайгаар шууд нэвтрүүлж, Францын „France24“ үд дунд нэг минут чимээгүй байж түүний дурсгалыг хүндэтгэлээ. „BBC“ суваг энэ үйл явцаас сурвалжлуулахаар Прага руу өөрийн хамгийн нэртэй сурвалжлагч нарын нэг Жэймс Роббинсыг (James Robbins – Нэлсон Мандэлаг шоронгоос суллагдсаны дараа анхны ярилцлагыг хийж байсан, мөн Нью Иоркийн 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын үеэр сурвалжлага дамжуулж байсан) илгээсэн бөгөөд тэрээр „Энэ жил их онцгой жил байлаа. Гэхдээ минийхээр бол, Вацлав Хавэл нас барсан нь бусад бүх үйл явдлыг сүүдэрлэхээр онцлог явдал болов“ гэж хэлсэн байна. Болгарын интернэт-портал „The Sofia Echo“ Хавэлыг “Чехийн Ганди” хэмээн нэрлэжээ.
Жинхэнэ ардчиллын төлөө, эрх чөлөөний төлөө тэмцэгч энэ хүнийг тэнгэрт хальсан үеэр хорвоогийн нөгөө өнцөгт Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Чен Ир хэмээх дарангуйлагч хорвоогоос явсан нь хар цагааны туйл мэт харьцуулал хийгдэхэд хүргэж байгаа, энэ талаар ч бас олон орны хэвлэлд дурьдагджээ.
Вацлав Хавэлын дотнын анд, Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам түүний талаар “Энэ хүн бол зориг төгөлдөр удирдан манлайлагч, гэхдээ гайхалтай даруу төлөв хүн байснаараа надад бишрэл хүндлэлийг төрүүлдэг байв. Вацлав Хавэлд үзүүлэх хамгийн их хүндэтгэл бол энхийг эрхэмлэгч байж, илүү нээлттэй ертөнцийг бий болгоход хүн бүр хувь нэмрээ оруулах явдал юм. Тэрээр надад их үгүйлэгдэх болно” хэмээн харуусжээ.