Харин энэ удаа үнийг өсгөсөн шалтгаанаа зарим импортлогч аж ахуйн нэгж ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байгаагаа Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан. Тэдний тайлбарлаж байгаагаар хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 12 дугаар сард нефтийн бүтээгдэхүүнээ импортоор авах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1345 байсан. Гэтэл өнгөрсөн баасан гарагт 1480 төгрөгт хүрсэн.
Энэ үнийн зөрүүгээс болж шатахууны үнийг литр тутамд нь 230-260 төгрөгөөр нэмэх саналаа зарим аж ахуйн нэгж гаргасан. Улмаар дэд сайд Б.Ариунсаны ахалсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр тохиролцсоны дагуу үнэ нэмсэн байна. Харин “Петровис”, “Сод монгол” компани нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байсан ч өнөөдөр нэг литр тутмын үнийг 200 хүртэл төгрөгөөр буюу бусад аж ахуйн нэгжээс 30 төгрөгөөр хямд байхаар тооцон нэмсэн” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд тодруулга авсны дараа 2009 оны нэгдүгээр сард ам.долларын ханш 1740 төгрөг хүрч байх үед нефтийн бүтээгдэхүүний үнэ 1900 төгрөг болж өсч байсан гэсэн тайлбарыг та бүхэн өгч байна. Тухайн үеийн хилийн үнэ болон ам.долларын ханшийн өөрчлөлтүүдийн судалгаа та бүхэн гаргасан уу? Импортлогч аж ахуйн нэгжүүд яагаад өөр өөр өдөр, өөр өөр үнэ тогтоов? Энд ямар зарчим үйлчлээд байна гэдгийг Газрын тосны газрын даргаас асууж байлаа. “Импортлогч аж ахуйн нэгжүүдийн өөрийн үйл ажиллагааны зардал болон өрсөлдөөнөөс болж үнэ харилцан адилгүй байгаа. Бид байдлыг судалж байгаа” гэж Газрын тосны газрын дарга хэлсэн байна.
Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар ярилцсаны дараа ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай мэдээлэл хийлээ.
Сайд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн оны 11 дүгээр сараас анхааруулж байсны дагуу махны нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарсан. 16 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн ч 16 300 тонныг нөөцөлсөн. Улаанбаатар, Баян-Өлгий зэрэг олон аймаг нөөцийн мах бэлтгэлийн төлөвлөгөөгөө давуулж биелүүлсэн. Бодит байдалд нийлүүлэлт хэвийн, лангуун дээр мах байна. Махны үнийг өсгөсөн шалтгаанаа зарим ченж малын суурь үнэ, шатахууны үнэ, ам.долларын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа ч энэ нь бодит байдалд огт нийцэхгүй. Бид нэгдүгээр сарын 15-наас нөөцийн махаа худалдаанд гаргана. Экспортод гаргаж байгаа маханд хязгаарлалт тавьж эхэлсэн” гэлээ.
Мөн энэ хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Эрүүл мэнд, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд нар оролцсон байна. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван Ерөнхий сайдын асуултад хариулахдаа “Эрчим хүчний үнэд өөрчлөлт орохгүй, нүүрсний нөөц хангалттай байгаа, байдал тогтвортой байна. Өр, авлага 50 хувиар буурсан” гэлээ.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдоржийн хэлснээр орон сууцны үнэ ханш Орон сууц, санхүүжилтын корпорациас тогтоосон нэг метр.кв нь 850 мянган төгрөг хэвээр байна. Ер нь нэг метр.кв-ын үнэ 800-850 мянган төгрөг байх бүрэн боломжтой. Гэсэн ч зарим нэг шалтгаанаар энэ салбарт хөөсөрсөн үнэ байна. Харин эрүүл мэнд болон боловсролын салбарын үйлчилгээний үнэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэж салбарын сайдууд хэлжээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Үнэ ханш дээр тоглож, улс төрийн ашиг хайсан дэндүү увайгүй явуулга гарч байна. Үнэ өссөн бодит шалтаг, шалтгааныг тогтоож, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно” гэлээ.
Энэ дагуу бензин шатахууны үнийн өсөлт, махны нөөцийн бүрдүүлэлтийн бодит байдлыг шалгах хоёр Ажлын хэсгийг байгууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуунаар ахлуулсан Ажлын хэсэг махны үйлдвэрүүдээр, мөн хэлтсийн ахлах референт З.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Ажлын хэсгүүд дээрх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний бодит үнэ, нөөцийн одоогийн байдал, нийлүүлэлт зэргийг шалгаж тогтоох юм. Ажлын хэсгүүд шалгалтын дүнгээ маргааш Ерөнхий сайдад танилцуулах юм байна.