Ираны хууль сахиулагчид Америкийн нэгэн иргэнийг тагнуул хийсэн хэргээр цаазаар авах ял оноосон талаар тус улсын хагас албан ёсны “Fars” мэдээллийн агентлаг мэдээлжээ. Ираны шүүх түүнд “Ираны дайсан АНУ-ын талд мэдээлэл цуглуулж, тагнуул хийсэн, алан хядах ажиллагаанд Ираныг гүжирдэхээр төлөвлөж байсан гэж буруутгасан байна. Харин сэжигтний ар гэрийнхэн болон АНУ түүнд тулгасан ялыг эсэргүүцжээ. АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж явсан Амир Хакматийг Ираны тал өнгөрсөн наймдугаар сард баривчилсан юм. Хакматийн ар гэрийнхэн Тегеранд болсон шүүх хурлаас өмнө түүнд өмгөөлөгч олохоор арав гаруй хүнд хандсан боловч тус болоогүй аж. Амир Хакмати 2001-2005 оны хооронд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хаасны дараа хувийн орчуулгын компани байгуулж, бизнес эрхэлж байжээ. “Fars” агентлагийн мэдээлснээр АНУ-ын Тагнуулын газрын нууц ажилтан Амир Афганистан, Ираны талаарх нууц мэдээллийг дамжуулж байжээ. “Fars”-ын мэдээлж буйгаар Хекмати Ираны талд ч мөн нууц мэдээлэл дамжуулдаг байсан бөгөөд эхний удаа үнэгүй мэдээлэл өгч, хэрэв нөгөө тал мэдээллийг сонирхвол 500,000 ам.доллар шаарддаг байсан гэнэ. Тэрбээр мөнгө авсан баримтаа Ираныг террорист ажиллагаанд буруутгах нотлох баримт болгон хадгалдаг байсан гэнэ.
Н.Энх