“Валютын ханш ойрын үед буурна”

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

“Валютын ханш ойрын үед буурна”

Нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг литр тутамдаа ганц далайлтаар 260 төгрөгөөр өссөн нь УИХ дахь хоёр намын бүлгийг холбогдох газрын албан тушаалтнуудыг байлцуулан мэдээлэл сонсоход хүргэж байгаагийн зэрэгцээ төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг ч босгож ирээд байна. Харин бид Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Золжаргал нараас дараах асуултад хариулт авсан юм.

-Өнгөрсөн баасан гаригт хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаас нефтийн бүтээгдэхүүний үнийг өсгөх шийдвэр гаргасан байсан. Яг ямар шалтгааны улмаас литр тутамд 260 төгрөгөөр өсгөхөөс аргагүй болчихоод байгаа юм бэ?

Б.Ариунсан:
-Өмнө нь бид “Роснефть” гэдэг компаниас дан ганц нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь хангадаг байсан. Тэр үед ганц үнэ барьдаг байсан. Гэтэл өнгөрсөн оны хавар ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсч, улмаар экспортдоо хязгаарлалт хийж эхэлсэн үеэс манай импортлогчид бусад газруудаас бүтээгдэхүүн татахаас аргагүйд хүрсэн. Ингэснээр импортлогчид маань “Роснефть” компаниас  нефтийн бүтээгдэхүүний 55 орчим хувийг татаад,  үлдсэн 45 хувийг 40-70 ам.долларын зөрүүтэйгээр Москвагаас цааш алс холоос татаж ирж байна. Засгийн газрын зүгээс энэ зөрүүг нь тооцуулахгүйгээр шууд нэг үнээр борлуулалт хийлгэж ирсэн. Ийм үед валютын ханш өсөөд ирэхээр төрөөс хувийн аж ахуйн нэгжүүдийг үнээ хуучин төвшинд нь байлга гээд шууд халдах нь эрх зүйн хувьд тохиромжгүй болж ирсэн. Тийм учраас арга буюу нефть импортлогчид үнээ өсгөсөн л дөө.

-Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний Онцгой албан татварыг тэглэсэн. Дээр нь Гаалийн татварыг нь тэглэсэн. Энэ бүхэн тодорхой хэмжээгээр хөнгөлөлт болоод үнээ огцом өсгөхгүй байж болдоггүй юм уу?

-Гарцаагүй Засгийн газар Онцгой албан татвар болон Гаалийн татвар дээр хөнгөлөлт үзүүлж ирсэн учраас гурван жилийн туршид нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан. Одоо валют огцом өсөөд, дээр нь тэдгээр төрөөс зохицуулалт хийдэг татвар 0 болчихоор хүндрэл учирч байна. Гэхдээ Монголбанк сая мэдэгдэж байна. “Валютын ханш ойрын үед бага зэрэг буурна. Тогтворжино доошилно” гэж мэдээ өглөө. Өчигдөр ам.доллар 1440 байсан чинь өнөөдөр 1432 боллоо гэж байна. Тэр хэмжээгээр ам.долларын ханш буураад 1300 руу буувал тэр хэмжээгээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурна.

-Нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнийг долларын ханш чангарсантай холбоотой гэж холбогдох яамнаас мэдэгдэж байна. Монголбанк яагаад зохицуулалт хийсэнгүй вэ?

Н.Золжаргал:
-Импортын барааны үнэ долларын ханшаас хамааралтай нь хамааралтай. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хоёр жилийн өмнө ам.доллар 1450 байхад бензин литр нь 1200 төгрөг байсан. Өнөөдөр доллар 1450 дээр л байна. Тэгэхэд яагаад нэг литр бензин 1900 төгрөгт хүрчих вэ, 60-70 хувиар өсчихөөд байна. Сайн ойлгохгүй л байгаа. Яагаад ханшийн өсөлтийг нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан болгоод байгаа юм бэ. Яах вэ, валютын ханш өсөх нь өсч байсан. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2011 онд бүтэн алдагдалтай явж ирсэн. Мөн арваннэг, арванхоёрдугаар сард валютын орох гарах урсгал саарсан. Гэхдээ энэнээс болоод шатахууны үнэ  60, 70 хувиар өснө гэдгийг сайн ойлгохгүй байна. Гадаад нөхцөл байдал нь өөрчлөгдсөн юм болов уу гэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт 15 хувийн өөрчлөлттэй л байна. Дахиад хэлье, хоёр жилийн өмнө 1200 төгрөг байсан бензин өнөөдөр 1900 төгрөг болчихоод байна. Тухайн үед ам.доллар ялгаагүй 1450 төгрөг байсан. Үүнийгээ ханшнаас боллоо гэхээр үнэхээр гайхал төрүүлж байна шүү дээ.

-Монголбанк ямар нэг алхам хийх үү?

-Монголбанк өнгөрсөн оны арваннэг, арванхоёр, нэгдүгээр сард валютын ханшийг тогтворжуулах талаар интерверенц хийж байсан. Хийж байгаа, хийх ч болно. Цагаан сартай холбоотойгоор. Хятад улсын цагаан сар түрүүлж болдог. Энэ үеэр 14 хоног хил хааж валютын огцом эрэлт үүсдэг. Тийм учраас валютын нийлүүлэлт хийнэ. Богино хугацаанд валют орж ирэхгүй гарах валютын урсгал өндөр байгаа үед худалдааны хэрэгцээтэй хэсгийг хангах валютын нөөц хангалттай байгаа. Эх үүсвэр ч хангалттай байгаа.

-Тэгвэл валютын ханшийн өсөлтийг та бүхэн юунаас хамааралтай гэж харж байна вэ. Төв банк өнгөрсөн жил гадаад валютын ханшаас асар их алдагдал хүлээснээс ийм зүйл болсон байхыг үгүйсгэхгүй гэж зарим эдийн засагчид хэлж байгаа?

-Монголбанкны алдагдал үүнд ямар ч хамаарал байхгүй. Би түрүүн хэлсэн шүү дээ, арав, арваннэг, арванхоёрдугаар сард Монгол Улсын валютын орох, гарах  урсгал буурсан байсан. Энэний үр нөлөөгөөр аажмаар валютын ханш өссөн. Монголбанкны өөрийнх нь оролцоо ямар байдаг вэ гэхээр цагаан сарын өмнө эрэлт ихсэнгүүт төв банкны зүгээс нийлүүлэлт хийсэн. Хэрвээ төв банк нийлүүлэлт хийгээгүй бол валютын ханш үүнээс ч өндөр өсөх байсныг үгүйсгэхгүй.

-Цаашид валютын ханш тогтворжих уу?

 -Хэчнээн хэмжээний төгрөг зах зээлд нийлүүлэгдэж байна вэ гэдгээс шалтгаалж шууд ханшид нөлөөлж байгаа. Төв банк аль болох ханшаа тогтвортой байлгах, огцом хөдөлгөөн гаргачихгүй байх гэдэг тал дээр нөөцөөсөө нийлүүлэлт хийгээд явна.

Г.Дарь

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж