Английн хөлбөмбөгийн холбооны 131 дэх удаагийн цомын тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд өчигдөр боллоо. Энэ шатны гол дуулиан “Манчестер Юнайтед” болон өнгөрсөн жилийн цомын эзэн “Манчестер Сити” багийн тоглолт “Этихад” цэнгэлдэхэд болж, өнгөрсөн оны аравдугаар сард “Олд Траффорд” цэнгэлдэхэд гол өрсөлдөгчдөө 6:1-ээр бут ниргүүлж байсан “Улаан чөтгөрүүд” 3:2 харьцаатай ялалт байгуулав. Энэ үдшийн бас нэгэн сюрприз нь Пол Скоулз байлаа. Өнгөрсөн улирлын төгсгөлд зодог тайлж, улмаар “Олд Траффорд”-д дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан тэрбээр тоглолтын 59 дэх минутад Наниг орлож, талбайд гарсан юм. “МанЮ”-г гэмтэл бэртлийн “хямрал”-аас гарах хүртэл Скоулз багтаа чадах чинээгээр нэмэр болох гэнэ. Хөлбөмбөгчийн бүхий л замналаа зөвхөн “МанЮ”-д үдсэн тэрбээр 1994 онд Лигийн цомын тэмцээний хүрээнд анхны тоглолтоо хийж байжээ. Өнгөрсөн хугацаанд тэр “Улаан чөтгөрүүд”-ийн өмсгөлтэй 676 тоглолтод оролцсон бөгөөд Премьер лигт 10 удаа түрүүлж, Аваргуудын лигийн цомыг хоёр удаа хүртсэн юм.
Өчигдрийн тоглолтод Уейн Рүүни 10 дахь минутад гоолдсоноор багтаа тэргүүлэл авчирчээ. Гэтэл талбайн эзэн багаас 12 дахь минутад Компани улаан картаар торгуулснаар “Сити” талбайд 10-уулаа үлдсэн. Нэгэнт хүн дутуу болсон тул “Ман Сити”-гийн тоглолт өөрчлөгдөж, тоглолтын эхнээс довтолж байсан “МанЮ” 30 дахь минутад тооны харьцааг 2:0 болгосон. Улмаар 40 дэх минутад Рүүни дубль хийснээр эхний үе 3:0 харьцаатай “Юнайтед”-ын давамгайллаар өндөрлөжээ. Харин хоёрдугаар хагаст “Сити”-гээс 48 дахь минутад Коларов, 65 дахь минутад Агуэро нар гоолдож, тооны харьцааг ойртуулсан ч багаа ялалтад хүргэж чадсангүй.
Ийнхүү өнгөрсөн жилийн аваргууд тэмцээнийг эрт орхиж, “Манчестер Юнайтед” FA Cup-ын дөрөвдүгээр шатанд “Ливерпуль”-ийн “Энфилд” цэнгэлдэхэд зочлохоор боллоо.
Т.Маша