Төр засгийн удирдагчид шинэ оны мэнд дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Төр засгийн удирдагчид шинэ оны мэнд дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нараас Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх ёслол өнөөдөр төрийн ордонд боллоо. Улаанбаатар дахь дипломат корпусын ахлагч, Бүгд Найрамдах Казахстан Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орман Нурбаев Элчин сайд нарын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ “Эрхэм ноён Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын дарга аа, Ерөнхий сайд аа, ноёд хатагтай нар аа, Бүх дипломат корпусын нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд шинэ 2012 оны баярын мэнд хүргэхийг зөвшөөрнө үү.

2011 он Монгол Улсын хувьд үр бүтээлтэй, бас их ойн жил байлаа. Бид бүхэн Монголын их эзэнт гүрэн байгуулагдсаны 805 жилийн ой, Монголын эрх чөлөө, тусгаар тогтнол сэргэн мандсаны 100 жил, дипломат албаны 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ой болон өөр олон баярын гэрчүүд байлаа. 2012 онд монголчууд аугаа их Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх гэж байна.   

Монгол Улс гадаад бодлогодоо мэдэгдэхүйц үр дүнд хүрч, 2011 он гадны олон нэр хүндтэй зочноор дүүрэн жил байлаа. Монгол Улс 2011 онд Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыг толгойлж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Түүнээс гадна Монгол Улс нь НҮБ-ын ивээл дор явагддаг олон улсын энхийг сахиулах үйлсэд хамгийн оролцогчийн нэг билээ.

Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Улс оронд нь гадны хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлүүд бүрэлдэн, шинэ үйлдвэрүүд нээгдэн, шинэ ажлын байрууд бий болж байна.

Гэхдээ дэлхий дахины эдийн засгийн хямралын ээлжит давалгааг тооцож үзвэл 2012 он хялбар биш жил байх төлөвтэй. Үүнтэй нэгэн зэрэг Монгол Улс нь улс төрийн марафонд орж байна. Энэ онд парламентын сонгууль хийж, шинэ сайд нарын кабинет бүрдэх ба хойтон жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно.

 Монгол Улс бүхий л сорилтод нэр төртэй хариулт өгч чадна гэдэгт би итгэлтэй байгаагаа илэрхийлэхийг хүсч  байна.

Бид бүхэн өнгөрсөн оны үр дүнтэй хамтын ажиллагааны тань төлөө та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. 2012 он Монгол Улсын гадаад улсуудтай болон олон улсын байгууллагуудтай харилцах харилцаанд шинэ шинэ амжилт авчирна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл, ах дүү монголын ард түмэнд мөнхийн хөхтэнгэр, энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэв.  

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт хандан үг хэлж, шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Дипломат корпусын ахлагч аа, Элчин сайд, Хэргийг түр хамаарагч нар аа, Олон улсын байгууллагын төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амрыг айлтгая.

Шинэ 2012 оноо угтан аваад удаагүй байгаа энэ агшинд Та бүхэнтэй уулзаж байгаадаа  баяртай байна.

Манай Улсын түүхийн олон үйл явдлын тэмдэглэлт ойнууд давхцсан 2011 оныг бид амжилт бүтээлээр дүүрэн үдээд байна. Өнгөрсөн онд манай эх оронд байгаль дэлхий буян хишгээ хайрлаж, цаг агаар харьцангуй аядуу зөөлөн, хур бороо ихтэй байсны үрээр газар тариаланчид арвин ургац хурааж, малчин түмэн маань элдэв зуд гамшиггүйгээр шинэ оноо угтан авлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт давхар оронтой тоогоор илэрхийлэгдэн гарах сайхан төлөв харагдаж байна. Гадаад харилцаа манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бүрт өргөжин тэлж, гадаад эдийн засгийн харилцаа нэмэгдэв. Гадаад худалдааны эргэлт өсч, анх удаа 10 тэрбум ам.долларыг давлаа.

Нөгөөтэйгүүр, дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, Евробүсийн зарим улс оронд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа нь дэлхийн улс орнуудын сэтгэлийг түгшээж, эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх эрсдлийг дагуулсаар байна. Европын Холбооны улс орнууд хамтран шийдвэртэй алхам хийж, Азийн улс орнуудын эдийн засаг харьцангуй тогтвортой өсч, түүний дотор манай урд хөрш – БНХАУ-ын эдийн засаг үргэлжлэн өсч байгаа нь тулгарч буй хүндрэл бэрхшээлийг дэлхийн улс орнуудын үр бүтээлч хамтын ажиллагаагаар даван туулж болно гэсэн итгэл найдвар төрүүлж байна.

2011 он олон улсын харилцаанд болон дэлхийн ардчиллын түүхэнд онцлог жил байв. Дэлхийн аль ч өнцөгт амьдарч байгаа эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүс орчин үеийн мэдээллийн технологийн ололтын тусламжтайгаар дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж, улмаар амжилтад хүрч болдгийг Арабын хавар бэлхнээ харууллаа. Гэхдээ Арабын хавар дуусах болоогүй. Эрх чөлөөт, нээлттэй, шударга, иргэний нийгмийг бүтээн байгуулах, хөгжүүлэх хүнд хэцүү боловч амин чухал зорилт эрх чөлөөгөө дөнгөж олж авсан сая сая иргэдийн өмнө тулгарч байна.

Өнгөрөгч онд дэлхийн олон оронд ард иргэд байгалийн гамшигт өртөж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, үр дагавар улам бүр мэдрэгдэв. Тухайлбал, 3 дугаар сард Япон улсад болсон газар хөдлөлт, цунами хүнд гарз хохирол учруулж, дэлхийн сая сая хүмүүсийн сэтгэлийг өвтгөсөн билээ. Байгалийн аймшигт гамшгийг сөрөн зогсож, түүнийг даван гарч буй японы ард түмний хичээл зүтгэл та биднийг бишрүүлж байна.

Манай улсын гадаад харилцаа 2011 онд чухал үйл явдлаар дүүрэн жил байлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг өмнөө тулгарч буй  сорилт, зорилтуудтай уялдуулан, гадаад бодлогын гол зарчим, зорилтуудаа тодотгох байдлаар шинэчлэн найруулж УИХ-аар батлууллаа.

Миний бие болон УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын өнгөрөгч онд гадаад улс орнуудад хийсэн нэжгээд айлчлал, оролцсон олон улсын уулзалт арга хэмжээ нь Монгол Улсаас тухайн улс оронтой хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл төдийгүй идэвхтэй гадаад бодлогын илэрхийлэл боллоо.

Мөн Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратиба Дэвисингх Патил, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг, Финландын Ерөнхийлөгч Тарьяа Халонен, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден, ХБНГУ-ын канцлер А.Меркель нарыг эх орондоо хүлээн авч айлчлуулахад таатай байлаа. Эдгээр айлчлал манай орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

Манай улс НҮБ-д элсэн орсны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Бид  НҮБ, түүний системийн байгуулагууд, олон улсын бусад байгууллага, олон талт механизмын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хүч чармайлт тавин ажиллаж байна. 2011 оны чухал зорилтын нэг бол НҮБ-ын гишүүн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоох явдал байсан бөгөөд уг зорилтын хүрээнд бид 12 улстай дипломат харилцаа тогтоохоор хэлэлцэн тохирч, хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.

Гадаадад амьдарч, ажиллаж буй олон арван мянган иргэдийнхээ эрх, эрх ашгийг хамгаалах явдал манай улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг билээ. Гадаад бодлогын шинэчилсэн үзэл баримтлалд гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлогыг тусгайлан бүлэг болгож нэмж орууллаа. Манай улс хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрын тоогоо нэмэгдүүлж,  39-т хүргээд байна.

Энэ онд Монгол орны амьдралд олон чухал үйл явдал болно. УИХ-ын сонгуулийг шударга, ил тод, чөлөөтэй явуулах нь манай орны ирээдүйн хөгжлийн амин чухал асуудал юм. Монгол Улсын гадаад бодлогын зарчим, тэргүүлэх чиглэлийн хувьд улс төрийн голлох намууд нэгдмэл байр суурьтай байгаа нь Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар сонгуулиас үл шалтгаалан хэлбэрэлтгүй хадгалагдах үндэс болно гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.        

Парламентын сонгууль, түүнээс үүдэлтэй улс төрийн идэвхтэй амьдралаас үл хамааран манай улсын гадаад бодлого, үйл ажиллагаа энэ онд эрчимтэй өрнөх болно. Энэ салбарын зорилт тодорхой, хийх ажил арвин байна. Шинэ онд төлөвлөсөн харилцан айлчлал, арга хэмжээнүүд агуулга, ач холбогдлын хувьд өнгөрсөн оныхоос дутуугүй чухал юм. Дэлхий дахинаа ардчиллын хэм хэмжээг бэхжүүлэн дэмжих зорилго бүхий Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хариуцлагатай албыг Монгол Улс 2011 онд хүлээн авсан бөгөөд уг нийгэмлэгийг тэргүүлэх хугацаандаа ардчиллын боловсрол, сайн засаглалыг төлөвшүүлэх, авлигалтай тэмцэх, иргэний нийгэмтэй түншлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх болно. Та бүгдийн дэмжлэгтэйгээр бид шинэ ондоо Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд ахиц гаргаж, гадаад харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Монголчууд бидэнтэй үргэлж нөхөрсөг, эв найртай хамтран ажиллаж, аж төрж ирсэн Та бүхэнд талархал илэрхийлж, ажил үйлс тань шинэ онд өөдрөг бүтэмжтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье” гэв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж