Е.Сагсай: Цагдаагийнхныг үргэлжлүүлж шалгана

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Е.Сагсай: Цагдаагийнхныг үргэлжлүүлж шалгана

Дөрвөн он дамжиж байгаа 2008 оны долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэг өмнө нь прокурорын хяналтаас хэрэгсэхгүй болсон. Харин Ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгаж, өдгөө цагдаагийн удирдлагууд болох дөрвөн хүнийг яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Сүүлийн үед хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудын өмгөөлөгч нар хэвлэлд ярилцлага өгч, энэ талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэж  байгаа билээ. Тиймээс уг хэрэгтэй холбоотой цаг үеийн асуудлаар нийслэлийн Прокуорын газрын орлогч прокурор Е.Сагсайгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэл “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний яриад, үзүүлээд байгаа сумны хонгио, цагдаагийн тэмдэглэл ямар учиртай болохыг шалгаж өгөөч” гэсэн хүсэлт прокурорт өгөхөд шалгаж өгөхгүй байгаа” гэх утгатай ярилцлага өсгөн байсан. Үүнд тайлбар өгөөч?

-Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш шалгасан. Нийтдээ 30 гаруй хавтаст хэрэг бүрдсэн. Мөрдөн байцаалтаар нотлогдох ёстой зүйлсийг бүх талаас нь шалгаад, тогтоогдсон, ходбогдох хүмүүсийг яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл ангийн хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлээд байна. Тэгэхээр улсын яллагч яллах  шаардлагатай гэж үзэж байгаа учраас хэргийг шүүхээр шийдэх бололцоотой гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг өмгөөлөгч, прокурор, шүүгч өөр өөрийнхөөрөө  үнэлнэ. Тэр өмгөөлөгчийн, улсын яллагчийн, мөрдөн  байцаагчийн үнэлж байгаа нотлох баримтыг шүүх үнэн зөвөөр нь шийдэх ёстой.

-Цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг эрүүгийн хуулийн 294.2 буюу албаны эрх мэдлээ хэтрүүлснээс онц их хэмжээний хохирол учруулсан гэдгээр зүйлчилсэн.  Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, Тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2-оор журамласан нь ямар учиртай юм бэ?

-Тэднийг эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар яллагдагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Харин хэргийг ерөнхийд нь журамласан зүйл ангийн тухайд гэвэл генерал Ч.Амарболдыг дотоодын цэргийн командлагч байсан гэдэг утгаар нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 274.2-т зааснаар зэвсэгт хүчин, бусад цэргүүд гэдэгт хамааруулж байгаа. Бусад цэргүүд дотор  дотоодын цэрэг  ордог. Дотоодын цэргийн командлагч байсан Ч.Амарболдыг яллаж байгаа учир 274.2-т хамааруулсан. Харин 35 дугаар зүйлд Эрүүгийн хэрэгт хоёр буюу түүнээс дээш этгээд оролцсон бол бүлэг болох ёстой. Үүнд захиалагч, зохион  байгуулагч, хатгагч, эсвэл гүйцэтгэгчийн аль  нэг байна гэсэн үг. Тэгэхээр яллагдагчаар татагдсан дээрх дөрвөн хүнийг гүйцэтгэгч хэмээн үзэж энэ заалтаар  журамласан  юм. 

-Энэ хэрэгт холбогдож байсан цагдаагийн алба хаагчдын хэргийг тусгаарлаж,  түдгэлзүүлсэн талаар  хохирогч Ц.Энхбаяр ярьсан. Хүнийг санаатай алсан гэх энэ хэргийг цаашид шалгах уу?

-Нэгдүгээрт цагдаагийн ажилтан зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон боловч амь насаа алдсан дөрвөн хүнийг хэн буудсан нь тогтоогдоогүй. Тиймээс эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр үүсгэсэн цагдаагийн алба хаагчдаа холбоотой хэргийг, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргээс тусгаарлаж,  түдгэлзүүлсэн. Гэхдээ гүйцэтгэх албаны болон бусад  шугамаар шалгалт үргэлжилж байгаа. Түдгэлзсэн гэдэг нь шалгахгүй, мартсан гэсэн үг биш. Яваандаа шалгалт нь үргэлжлэх учиртай.

-Цагдаагийн удирдлагууд хавтаст хэрэгтэй танилцах хангалттай хугацаа өгөөгүй гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хавтаст хэрэгтэй танилцахыг мөрдөн байцаагч хугацааа тогтоож өгөх ёстой. Энэ хэргийн хувьд хохирогчид, яллагдагчид 2009 онд бүтэн жил гаруй хугацаанд хавтаст  хэрэгтэй танилцсан. 27 хавтаст хэрэгтэй танилцахын тулд бүтэн жил гаруй зарцуулсан. Дараа нь  хэргийг сэргээн шалгасны дараа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэхийн өмнө УЕП-ын мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч нар хавтаст хэрэгтэй танилцах тодорхой хугацаа тогтоож өгсөн. Боломжит хугацаандаа яллагдагчид болон тэдний өмгөөлөгч, хохирогчид олгосон хугацаанд хавтаст хэрэгтэй танилцсан. Үүнд ямар нэг хууль зөрчсөн асуудал  байхгүй.

-Хөөн хэлэлцэх хугацааг хуулиндаа хэрхэн заасан байдаг вэ. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр албан тушаалтантай холбоотой хэргүүд хэрэгсэхгүй болж байна л даа?

-Аливаа үйл явдал болох нь цаг хугацаагаар хэмжигдэнэ. Үүний нэгэн адил аливаа гэмт хэргийг ч хөөн хэлэлцэх хугацаа гэж бий. Цаг хугацааны явцад ач холбогдол нь алдагдаж, хор аюул нь буурах тохиолдол байна. Ийм учраас хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гээд заасан байгаа. Тухайлбал хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол зургаан сарын дотор, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил, хүнд гэмт гэмт хэрэгт 15 жил, онц хүнд гэмт хэрэгт 25 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Үүнээс хойш хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Харин цаазын ял сонссон бол хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж