Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Их хааныхаа сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх нь монголчууд бидний бахархал мөн. Их ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож ёсчлох тухай 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 04 тоот зарлигаа гаргалаа.
Монголын төрөөс Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, улмаар үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь толилуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
- Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй.
- Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ