Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Оюу толгой” ХХК-д хандан мэдэгдэл хүргүүлжээ. Энэ нь нэгдүгээр сарын 12-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд “Оюутолгой” ХХК-ийн ажилтан ажиллуулах журам болон гэрээний хэрэгжилтийн талаар уулзалт хэлэлцээр хийх тухай юм.
Үүнээс өмнө Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрөгч оны аравдугаар сарын 06-ны өдөр мөн энэ асуудлаар мэдээлэл авах уулзалт хийх тухай хүсэлт гаргасан бөгөөд одоог хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа гэнэ. Тиймээс мэдэгдлийн заасан хугацааны дагуу уулзаж, хөдөлмөрийн гэрээний талаарх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байгаа аж.
Үйлдвэрчний эвлэлийн эрх, үүргийнхээ дагуу хөрөнгө оруулалтын гэрээнд ажиллагсдын 90-ээс доошгүй хувь нь монгол ажилтнууд байна хэмээн заасан. Иймээс Оюутолгой төслийн хүрээнд хэлэлцэх асуудлын тухайд,
- Монгол ажилтнуудын ажлын байрны жагсаалт, тэд ямар цалинтай байгаа болон хөдөлмөрийн нөхцөл хэр зэргийг, бодит байдал дээр нийт ажилчдын хэдэн хувь нь монгол ажилчид байгаа талаар мэдээлэл авах, дүгнэлт хийх бололцоог олгох
- Төслийн хүрээнд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, ажиллах хүчнийг сонгон шалгаруулалт хийж буй зарчим, Монгол улсын иргэдийг ажлын байранд бэлтгэх сургалтын хөтөлбөрийг нийгмийн түншлэлийн оролцоотой боловсруулах талаар санал солилцох
- Хүний эрхийн комисстой хамтарсан шалгалтын үед Оюу толгой төслийн туслан гүйцэтгэгч компанийн гэрээт ажилчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах асуудлаар тус компанийн зүгээс тодорхой арга хэмжээ авч ажиллахаар тогтсоны үндсэн дээр хийж буй ажлын талаарх мэдээлэл
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагуудад манай улс нэгдэн, конвенциудынх нь хэрэгжилтийг хангах зорилгоор гадаадын иргэд ба монгол хүмүүсийн цалингийн зөрүүтэй байдлын талаар авч буй арга хэмжээний талаарх зэрэг мэдээллүүдийг авах хүсэлтэй байгаа ажээ.
Мөн энэхүү уулзалт нь нээлттэй байдлаар буюу хэвлэлийнхнийг байлцуулах тухай мэдэгдэлдээ хавсаргасан байна.
У.Болор