“Хөх толбот хүмүүс” кино театрт гарна

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

“Хөх толбот хүмүүс” кино театрт гарна

“DOZ entertainment”-ийн шинэ бүтээл “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны кино өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын “Escape Landowski Cinema D’art Et D’essai” театрт албан ёсны нээлтээ хийн Европод Монгол кино мэндэлсэн билээ. Тэгвэл тус кино нэгдүгээр сарын 12-нд Төрийн ордонд нээлтээ хийн монголчуудын хүртээл болох нь ээ.  “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Хөх толбот хүмүүс” кино багийнхан мэдээлэл хийлээ. Тус киноны ерөнхий найруулагчаар “DOZ entertainment”-ийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн ажилласан бөгөөд энэхүү киног Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн ажлын хүрээнд  ийнхүү Төрийн ордонд нээхээр болсныг дуулгалаа.

Энэхүү бүтээлдээ Монголын соёл, уламжлалаас гадна Монгол хүнийг тод томруунаар тусган гаргаж ирсэн бөгөөд киногоороо дамжуулан Монгол хүний нандин чанарыг илүү ойлгох, мэдрэх талаас нь үзүүлэхийг зорьжээ. Үүнийг мэдэрч, чин сэтгэлээсээ туслалцаа үзүүлэн хамтарч ажилласан Монголын анхны коксын үйлдвэр “ЭНК” ХХК-ийн ерөнхий захирал М.Равданжамц захиралд кино багийнхан талархлаа илэрхийллээ.

Тус кино нь Францын нийслэл Парис хотод нээлтээ хийхэд үзэгчдийн дийлэнх нь Өвөрмонголын Уудам хүүгийн тоглосон дүрийг үзэх гэж зорьж ирэн нээлтийн дараа өндөр сэтгэгдэлтэй байжээ. Түүнчлэн “Хөх толбот хүмүүс” кинонд алтан үеийн жүжигчдийн нэг болох Гавьяат жүжигчин Н.Дагийранз гуай тоглон үнэхээр авьяас гэдэг бол барагдашгүй зүйл байдаг юм аа гэдгийг өөрийн бие, өөрийн мэргэжлээрээ үзүүлснийг найруулагч Ш.Доржсүрэн бахархан ярьсан юм.  

Киноны гол дүрд Т.Эрдэнэбаяр буюу олны мэддэгээр Дэндэв, Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “DOZ entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр, жүжигчин Клаффк, С.Уудам  зэрэг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ. Кинонд чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна бүх Хятадыг уяраасан "Авъяаслаг Хятадууд-2011" шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү тоглосон. Харин тус киноны зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, зөвлөхөөр герман найруулагч Вейт зэрэг уран бүтээлчид хамтран ажилласан байна.

“DOZ entertainment” студийнхэн “Хөх толбот хүмүүс” киноны зураг авалтаа өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн. Киноны 20 орчим хувийн зураг авалтыг Төв аймгийн Молцог элс, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Говь шанх-4” наадмын үеэр очиж авсан бол харин өнгөрсөн наймдугаар сард киноныхоо 80 орчим хувийн зураг авалтыг ХБНГУ-ын нийслэл Берлин хот, Францын нийслэл Парис хотноо амжилттай авч дуусган үзэгчдийн хүртээл болсон билээ.

“Хөх толбот хүмүүс” уран сайхны кино Төрийн ордонд болох нээлтийнхээ дараа “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарч эхлэх нь ээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж