Өнгөрсөн амралтын өдөр болсон бүсийн аваргын төлөөх тоглолтын талаар мэдээлэл хүргэе.
Баруун бүсийн аваргын төлөө “ДХИС-ийн CRM Шонхрууд” баг “УБЦТС ХК” багтай тоглосон. Өмнөх тоглолтдоо хожигдол хүлээсэн “УБЦТС ХК” багийн тоглогчид тоглолтын эхнээс л идэвхтэй, илүү тоглолт үзүүлсэн ч тоглолтын төгсгөлийг маш муу тавьсан. Харин “ДХИС-ийн CRM Шонхрууд”-ын тоглолт гуравдугаар үеийн сүүлээр сэргэж, улмаар цаг дуусахад 73:64 харьцаатай хожсоноор цувралыг 2:0 болгож, энэ жил аваргын цомыг хамгаалан тоглохоор боллоо.
Харин зүүн бүсийн аваргын төлөө “Танан Импекс” баг өнгөрөгч бяма гаригт “Эрдэнэдрийлинг RIGS” багтай цуврал хоёр дахь тоглолтоо хийсэн. Өмнөх тоглолтдоо хожигдол хүлээсэн “Эрдэнэдрийлинг RIGS” баг тоглолтын эхнээс идэвхтэй, сайн тоглолт үзүүлж, улмаар 80:67 харьцаатайгаар хүчирхэг “Танан Импекс “багийг хожин цувралыг 1:1 болгосон. Нэмэлт тоглолт нэгдүгээр сарын 8-нд болж, эн тэнцүү өрсөлдөөний дүнд 82:67 харьцаатайгаар “Танан Импекс” баг ялалт байгуулж, анх удаа Спрайт хөгжлийн лигийн аваргын төлөө тоглох эрхтэй болжээ.
Спрайт хөгжлийн аварга баг Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд Спрайт лигийг төлөөлөн оролцох бөгөөд аваргын төлөөх эхний тоглолт 2012 оны нэгдүгээр сарын 14-нд болно. Түрүүлж хоёр хожил авсан нь аварга болох юм. Харин Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө “Эрдэнэдрийлинг RIGS”, “УБЦТС ХК” багууд тоглоно.