Шатахууны үнийн талаар асуулт тавив

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийн талаар асуулт тавив

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар өнөөдөр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Л.Зоригтод шатахууны үнийн асуудлаар асуулт тавилаа.

Гишүүд асуултдаа “2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 22.00 цагт бүх төрлийн автобензин, дизелийн түлшний үнэ 235-260 төгрөгөөр нэмэгдэж АИ-80 автобензин 1550 төгрөг, АИ-92 автобензин 1850 төгрөг, АИ-95 автобензин 2000 төгрөг, дизелийн түлш 1885 төгрөг болсон. Үүнээс үүдэн нийтийн тээвэр, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн дунд бухимдал үүсч, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж эхэлж байна.

Мөн энэхүү үнийн өсөлтийн сургаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд автобензин, дизелийн түлшийг их хэмжээгээр нөөцөлж хомсдол үүсэх шалтгааныг бий болгож байгаа тул автобензин, дизелийн түлшний үнийн өсөлттэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 1.13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Танд дараахь асуултыг тавьж байна.
Автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийн учир шалтгааныг холбогдох лавлагаа, судалгааг үндэслэн бодитой тайлбарлах,

Оросын Холбооны Улс 2011 оны наймдугаар сараас хойш нефтийн бүтээгдэхүүний үнэ болон экспортын гаалийн албан татвараа нэмээгүй байхад шатахууны үнийг хэдэн удаа, хэдэн төгрөгөөр нэмсэн талаар,
   

  1. Автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэн шалтгаан нь ам.долларын ханш нэмэгдсэнтэй холбоотой нь үндэслэлтэй эсэх,
  2. Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд Өрсөлдөөний тухай хуулийг зөрчин үгсэн хуйвалдаж давамгай байдлаа хууль бусаар ашиглан тодорхой шалтгаангүйгээр үнээ нэмэх асуудал ихэсч байна. Өрсөлдөөний тухай хуульд үгсэн хуйвалдаж, зохиомлоор хомсдол үүсгэн бараа, бүтээгдэхүүний үнийг хууль бусаар нэмсэн бол олсон орлогыг хурааж, орлогын дөрөв хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах хуулийн заалт байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар,
  3. Автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэнээр бүх төрлийн  бараа, үйлчилгээний үнэ нэмэгддэг. Харин нэмэгдэхдээ шатахууны үнийн өсөлтийг далимдуулж үнийн хөөрөгдөл бий болгодог. Үүнийг таслан зогсоох талаар,
  4. Алслагдсан болон төвийн бүс нутгийн шатахууны үнийн ялгаа их байдаг. Энэхүү үнийн өсөлтөөс шалтгаалан алслагдсан бүсийн шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ. Эрчим хүчний нэг Кв-ын өртөг бүс нутгаас хамаарч ялгаатай байдаг ч бид улсын хэмжээнд ижил үнээр худалддаг тогтолцоог бий болгож чадсан тул шатахууны үнийг энэ жишгээр ижил байлгах талаар,  
  5. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдол бүхий автобензин, дизелийн түлшийг төр тодорхой хэмжээгээр хяналтдаа байлгах шаардлага сүүлийн үед ихээхэн гарсаар байна. Цаашид энэ асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ямар арга хэмжээ авах, түүнчлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийж буй ажлын талаар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсье.

Хариуг Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж