Монгол дахь дипломат корпусын тэргүүнээр ажиллаж буй Казахстан улсаас Монгол Улсад сууж байгаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Орман Каримович Нурбаев бүх элчин сайд, олон улсын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс шинэ жилийн баяр хүргэн үг хэллээ.
Элчин сайд үгийнхээ эхэнд өнгөрсөн 2011 он Монголын хувьд олон тэгш ойн жил болсныг , 2012 онд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиох гэж байгааг тэмдэглэлээ. Монгол Улсын гадаад харилцаа өнгөрсөн жил амжилт дүүрэн байж Ардчиллын хамтын нийгэмлэгийн даргаар сонгогдож, гадаадын өндөр дээд хэмжээний олон зочин хүлээн авч, энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг мөн онцлов.
Монголын эдийн засаг эрчимтэй өсч, шинэ үйлдвэр баригдаж ажлын байр нэмэгдэж байгаагийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн хямралын талаас авч үзвэл 2012 он амаргүй жил болно гэдгийг ч хэлж байв. Үгийнхээ төгсгөлд ноён О.Нурбаев Монголын ард түмэнд мөнх хөх тэнгэр, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөлөө.
Үүний дараа Монгол Улсыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрбээр Монголын эдийн засаг хөгжиж давхар оронтой тоогоор илэрхийлэгдэх болсныг, гадаад худалдааны эргэлт анх удаа 10 тэрбум ам.доллар давсныг онцоллоо. Евро бүсийн орнууд эдийн засгийн хямралд өртөж байдал хүнд байгаа ч Азийн орнууд, БНХАУ-ын эдийн засаг тогтвортой байгаа нь Монгол Улс хямралыг харьцангуй гайгүй туулах найдварыг төрүүлж буйг хэлсэн юм. Монгол Улс дипломат албаны 100 жил, НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэж, олон хүндтэй зочин айлчлуулж, мөн Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах болсон нь гадаад харилцааны салбарын чухал үйл явдал болсныг хэллээ. Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан ардчиллын төлөө дуу хоолойгоо нэгдэж болдгийг Арабын хавар харуулсан гээд үр дүнг нь тодорхойлох хараахан болоогүй байна гэлээ. Ерөнхийлөгчийн тэмдэглэснээр Монгол Улс шинээр 12 оронтой дипломат харилцаа тогтоохоор баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд Монголоос гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрынхаа тоог нэмж 39-д хүргэжээ.
УИХ-ын сонгууль 2012 онд болж Засгийн газрыг шинээр байгуулах хэдий ч Монгол Улсын гадаад харилцааны бодлого хэвээр үргэлжилнэ гэдгийг Ерөнхийлөгч хэлээд ирсэн зочдод шинэ оны мэнд дэвшүүллээ.
Ерөнхийлөгч төрийн ёслол хүндэтгэлд архи хэрэглэхгүй зарчмаа баримталж оргилуун дарсны оронд жимсний шүүс өргөн дипломатчидад амжилт ерөөснөөр үйл ажиллагаа өндөрлөв.