Ази-Номхон далайн парламентын /АНДПЧ/ ээлжит 20 дугаар чуулганы ажиллагаа өнөө өглөө 10 цагт Японы нийслэл Токио хотын Олон улсын хурлын ордонд эхэллээ.
Тус байгууллагын энэ удаагийн ээлжит чуулганд бүс нутгийн 28 улсын төлөөлөгчид оролцож байна.
Монголыг парламентыг төлөөлөн УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид энэхүү чуулганд оролцож байгаа юм. Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Энхбат, мөн УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Бадам, Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц нар төлөөлөгчдийн багтжээ.
АНДП-ын 20 дугаар чуулганы нээлт дээр Японы Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Кэнжи Хирата, Төлөөлөгчдийн танхимын дарга Такахиро Ёкомичи, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд, энэхүү байгууллагыг 20 жилийн өмнө санаачлан байгуулсан Япон Улсын Ерөнхий сайд асан Ясухиро Накасоне нар үг хэлэв. Мөн тус улсын Ерөнхий сайд Ёшихико Нодагийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх А. Нагашима уншиж сонсгов.
Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд чуулганы нээлт дээр хэлсэн үгийнхээ эхэнд Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганы дарга, Монгол Улсын Их Хурлын дарга ноён Дамдингийн Дэмбэрэл тус чуулганы төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, чуулганы ажиллагаанд амжилт хүссэнийг уламжлав.
Тэрбээр мөн АНДПЧ-ны 20 насны ойн босгон тохиож буй 20 дугаар чуулганыг зохион байгуулах хариуцлагатай ажлыг энэхүү чуулганыг анхлан санаачлагчийн хувьд өөрийн оронд зохион байгуулж байгаа Японы парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт Монголын парламентын өмнөөс талархал илэрхийлээд яг нэг жилийн өмнөх жин өвлийн хүйтэн өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон АНДП-ын 19 дүгээр чуулганд оролцогчид хэдийгээр цаг агаар хүйтэн байсан ч монголчуудын зочломтгой уламжлалыг тэмдэглэн талархаж, чуулганы ажиллагаанд идэвх санаачлагатай оролцсон нь тус чуулганыг амжилттай зохион байгуулахад урам дэм болсныг онцлов. Улаанбаатарын чуулганаар бүс нутгийн улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүрээлэн буй орчин, хүний эрх, боловсрол, соёлын солилцоо зэрэг чуулганы тэргүүлэх чиглэлийн асуудлуудын зэрэгцээ эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, гамшгийн менежмент, хохирлыг гэтлэн давах асуудлаархи бүс нутгийн хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг өнөөгийн амьдралаас урган гарч байгаа чухал асуудлаар 30 гаруй тогтоол батлагдсаныг дурьдаад эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлж ажиллахад Монголын парламент бэлэн байгааг тэмдэглэлээ.
Токиогийн энэ удаагийн чуулганаар Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хүрээнд Японы зүүн хэсэгт тохиолдсон газар хөдлөлт ба сэргээн босголтод чиглэсэн хүчин чармайлтын талаархи Япон Улсын илтгэлийн зэрэгцээ бүс нутгийн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, соёл, боловсролын салбарын солилцоог дэмжих асуудлыг хэлэлцэж байна. Мөн “Ази-Номхон далайн болон олон улсын асуудал:-Улс төр ба ауюлгүй байдал” сэдвийн хүрээнд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, Солонгосын хойгийн байдал, терроризм, мансууруулах бодсиын наймаа болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, Ойрхи Дорнод болон Хойт Африкийн энх тайвны үйл явц зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Харин “Ази-Номхон далайн болон олон улсын асуудал:-Эдийн засаг” сэдвийн хүрээнд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/-ны 2011 оны үйл ажиллагааны талаархи АНУ-ын илтгэл, дэлхийн эдийн засгийн байдал, дэлхийн эдийн засгийг тэнцвэржүүлэх болон эдийн засгийн өсөлтийн тулгуур, эрчим хүч болон хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа болон чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжих чиглэлээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Түүнчлэн чуулганы цаашдын үйл ажиллагааны хүрээнд АНДПЧ-ны дүрмийн шинэчлэл болон бусад асуудлыг хэлэлцэж, дараагийн чуулганы товыг тогтоох юм.
Токиогийн чуулганд ОХУ-ын парламентын төлөөлөгчид хамгийн олон буюу 68 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бол АНУ-ыг төлөөлөн нэг төлөөлөгч оролцож байна. Өнгөрсөн оны эхээр манай улсад болсон АНДП-ын 19 дүгээр чуулганд төлөөлөгчдөө тэргүүлэн оролцсон ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов энэхүү байгууллагын 21 дүгээр чуулганыг эх орондоо зохион байгуулах санал гаргаж байсан юм. Тиймээс тус улсын төлөөлөгчид энэ удаагийн чуулганд ихээхэн ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэй иржээ.
Япон Улсын Ерөнхий сайд асах Ясухиро Накасонэгийн санаачлагаар Ази-Номхон далайн бүс нутгийн 15 улсын парламентын 59 төлөөлөгч 1993 оны нэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Токио хотноо болсон зохион байгуулалтын анхдугаар хурлаа хийж Ази-Номхон далайн парламентын чуулганыг үүсгэн байгуулсан түүхтэй. Тус чуулганаар Токиогийн тунхаглал нэртэй баримт бичиг хэлэлцэж баталсан нь АНДПЧ-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл, баримтлах зарчим, гишүүнчлэл, оролцооны журам, чуулганы бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлсон чухал баримт бичиг болсон аж.
Канадын Ванкувер хотноо 1997 онд болсон тавдугаар чуулганаар Ази-Номхон далайн орнуудын парламент дундын энэхүү байгууллага нь улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, хууль тогтоомж, хэв журам, хүний эрх, боловсрол, соёлын солилцоо гэсэн тэргүүлэх зургаан гол чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхаар тодорхойлсон байна.
АНДПЧ нь жилд нэг удаа хуралдаж бүс нутгийн өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, гарч ирж буй боломж бололцоо, хамтын ашиг сонирхлыг хөндсөн, түүнчлэн дэлхий дахины тулгамдсан асуудлын талаар яриа хэлэлцээ өрнүүлэх, бодлого боловсруулах талаар харилцан туршлага солилцох, бүс нутгийн интеграц, эдийн засгийн өсөлтөөс улбаалан гарч ирж буй улс төр, нийгэм, соёлын хөгжлийн өөрчлөлтийг идэвхтэй шүүн хэлэлцэж ирсэн байна.
Манай улс 1994 онд Манила хотод болсон Ази-Номхон далайн парламентын хоёрдугаар чуулганаар АНДПЧ-ны чуулганы гишүүнээр албан ёсоор элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Тухайлахад 2003 оны есдүгээр сард Улаанбаатар хотод хуралдсан Ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын тавдугаар бага хурал, түүний хүрээнд зохиогдсон Парламентчдын чуулга уулзалтыг дэмжих тухай тогтоолын төслийг Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон 11 дүгээр чуулганаар өргөн барьж батлуулсан байна. Улмаар 2011 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд АНДП-ын ээлжит 19 дүгээр чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулсан юм. Улаанбаатарын чуулганд АНДПЧ-ны гишүүн 17 орны 223 төлөөлөгч болон ажиглагч хоёр орны төлөөлөгчид оролцон бүс нутгийн улс төр, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлаар санал солилцож нийт 17 орноос 37 тогтоолын төсөл ирүүлснийг нэгбүрчлэн хэлэлцэж баталсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.