Хотын даргын хэлснээр бол нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 310 цэгээр худалдаална. Үнийн хувьд хуучнаа мөрдөнө. Тодруулбал, үхрийн мах нэг кг нь 3500, хонь 3000, ямаа 2400 төгрөгөөр тус бүр борлуулах аж. Ингэснээр махны үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлана гэж үзэж байна. Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэгчдэд нэг кг тутамд нь урамшуулал болгож 500 төгрөг өгдөг байсан бол энэ жил 650 төгрөг болгож нэмэгдүүлжээ. Энэ нь үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдүүлсэн зохицуулалт юм байна. Харин урамшуулалд шаардлагатай 1.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгчээ.
Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн тайлбараар бол хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээс махны үнэ өнгөрсөн жилийнхээс бага зэрэг өссөн. Бусад бүтээгдэхүүний хувьд үнэ харьцангуй тогтвортой байгаа гэж мэдэгдлээ. Махны үнэ өсөхөд нөлөөлж буй хэд, хэдэн шалтгаан бий. Нэгд, шатахууны үнэ өссөн, үүнийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 32,5 хувийн өсөлттэй. Ам.долларын ханш мөн үеийнхээс 15-16 хувийн өсөлттэй. Энэ бүхэн нь махны үнэд нөлөөлсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, малчдын хувьд малынхаа үнийг өсгөсөн. Төлөг 40 мянган төгрөг байсан бол 60 мянгад хүрсэн. Эдгээр нь үнэд нөлөөлсөн гэдэг тайлбар хийж буй юм. Гэхдээ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад махны үнэ харьцангуй гайгүй. ОХУ-д нэг кг мах 12000-25000 төгрөг, Хятадад 9000-20000, Австралид 12000-25000 төгрөгийн үнэтэй байгаа. Ийм үнэ хүрэхэд дэлхий дахинд санхүүгийн хямрал бүрэн арилаагүй, хүнсний хомсдолтой байгаа зэрэг нь нөлөөлж буй аж. Түүний дэргэд Монгол Улс харьцангуй гайгүй байна гэж тайвшрууллаа.
Мөн малын зүй бус хорогдол одоогоор 500 толгойгоор яригдаж байна. Ирж яваа 30 хоногийг гайгүй давчихвал нар наашилж, жавар цаашлан 15 сая толгой төл бойжуулж авна гэж мэдэгдлээ.