“Петровис” АИ-92 шатахууныг 1820 төгрөгөөр борлуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

“Петровис” АИ-92 шатахууныг 1820 төгрөгөөр борлуулна

Ам.долларын ханш чангарснаас үүдэн газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ нэмэгдсэн тул өнгөрөгч баасан гаригаас эхлэн нефть импортлогч компаниуд түлш, шатахууны үнээ нэмээд буй. Ингэхдээ зарим компанийн, тухайлбал, “МТ Ойл” болон “Жаст Ойл” компанийн ШТС-ууд баасан гаригийн орой 22.00 цагаас эхлэн үнээ нэмсэн бол бямба гаригийн өглөөнөөс эхлэн бусад ШТС-ууд ээлж дараалан түлш, шатахууны үнээ нэмсэн билээ. Энэ нь импортлогч компаниуд хилийн үнэ нэмэгдэхээс өмнө нөөцөлсөн түлш, шатахууны хэмжээнээс хамааралтай гэж албаны хүмүүс тайлбарласан. Тодруулбал, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны зүгээс нефть импортлогч компаниудад санал тавьсны үндсэн дээр зарим компаниуд үнэ нэмэхээс өмнө татсан нөөцөө дуусах хүртэл хуучин үнээр борлуулах болсон юм.

Тэгвэл, өнөөдөр 12.00 цагт “Петровис” компани албан ёсны мэдэгдэл хийж, тухайн цагаас эхлэн тус компани түлш, шатахууны үнээ нэмж буй тухайгаа мэдэгдэв. Гэхдээ бусад компанийн борлуулж буй үнээс бага ч болов хямд үнээр худалдаалах ажээ. Ингэхдээ А-80 авто бензин литр тутамдаа 1515 төгрөг, АИ-92 шатахууныг 1820 төгрөгөөр худалдаална гэлээ. Харин дизель түлшний тухайд бусдын жишгээр литр тутамд нь 1885 төгрөгөөр борлуулах аж.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд А-80 литр тутамдаа 1550, АИ-92 1850, АИ-95 2000, харин дизель түлш 1885 төгрөгийн ханштай байгаа билээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж