
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болсон. Уг төсөл дээр нэмэгдээд Нийтийн албанд нийтийн болон болон хувийн сонирхлыг зохицуулах, Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлэг өрнөх явцад УИХ-ын гишүүн Батж.Батбаяр авлигын талаар өргөн мэдлэгтэйгээ харуулаад амжив. Түүний судалснаар Монголд цэцэрлэгийн багш хүртэл авлига авдаг гэнэ. Гэхдээ Батж.Батбаяр гишүүнээс илүүтэй УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын гаргасан санал сонирхолтой байв. Тэрбээр “Төрийн 46 мянган албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг болсноор авлига, хээл хахуультай тэмцэж үр дүнд хүрч чадахгүй. Тэгэхээр өрх бүрээс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болох ёстой. Улсын хэмжээнд 740 мянга гаруй өрх бий гэсэн судалгаа бий. Тэр бүгдийг хамруулах ёстой” гэж хэлэв. Ухаандаа Монгол Улсын бүх өрхийг баянаас нь ядуу хүртэл нь жагсаах санал гаргасан гэсэн үг. Гишүүн бас өөрийнхөө хэр хэмжээг мэдэж авах гэсэн байж ч болох л доо. Нийт 740 мянган өрхөөс хөрөнгийнхөө хэмжээгээр хэдэд жагсаж байгаагаа мэдээд авбал дараа дараадаа хэр их ажиллаж хэддүгээр байрт зогсохоо тооцоолсон ч байж болох. Уг нь бол жирийн иргэдийн хөрөнгө орлогын мэдүүлэг хэнд ч хэрэггүй л дээ. Угаасаа татвараа төлөөд үлдэгдлээр нь амьдарч байгаа айл өрхүүд л зонхилж байгаа. Харин төрийн 46 мянган албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг зайлшгүй авах хэрэгтэй. Хэн нь хэдэн төгрөгийн орлого олдог, хэрхэн мөнгө босгодгийг нь мэдэж байвал ард түмэнд л хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр Д.Балдан-Очир гишүүний санал нэг л явцгүй болж таараад байна. Түүнд өөрт нь хэрэгтэй байж болох ч улсад огт хэрэггүй. Тэгээд ч ядуурал, ажилгүйдэл газар авчихаад байгаа энэ үед ард түмний хөрөнгө орлого гэж юу байх вэ дээ. Их л бодож төрөөс өгч байгаа 21 мянган төгрөг өрх бүрт нэмэгдэнэ биз. Харин төрийн албан хаагчдын ах дүү, хамаатан садных нь хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг болбол ямар вэ. Авлигатай тэмцье гэвэл төрийн албан хаагчдын ах дүү нарын хөрөнгийг л шалгаад байх хэрэгтэй. Манайхан ч гулгуулж байгаа даа.
Б.Энхмөнх"Улс төрийн тойм" сонин