Сайдын суудлын төлөөх ил, далд өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Сайдын суудлын төлөөх ил, далд өрсөлдөөн

“Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарлаа” гэх мэдээллийн дараа сайд болон дэд сайд нарыг хэнээр солих вэ гэсэн яриа сонирхол татаж эхэллээ. Ардчилсан намын зургаан сайд болон дэд сайдын суудал эзнээ хүлээн үлдэх энэ үед Ардын намын гишүүд сайдын суудалд өрсөлдөж байна. Гэхдээ намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх бус УИХ-ын гишүүд өөр хоорондоо “Түүнийг тийм салбарын сайд болговол зүгээр. Харин түүнд сайд болох боломж бий” гэхчлэн буу халж, таамаг дэвшүүлж, үүгээр ч зогсохгүй зүтгүүлэхээр зэхэж яваа юм. Зарим гишүүний тухайд өөрийгөө “Сайд болохоор яригдаж байгаа” хэмээх яриаг гаргаж байгаа гэнэ лээ. Ардын намын дарга “Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын шийдвэрийг харъя” гэж хэлсэн. Гэтэл бодит байдал дээрээ Ардчилсан намын гишүүд “Хамтарсан Засгийн газраас гарсан нь зөв” гэсэн байр суурин дээр нэгдээд байгаа юм. Тэгэхээр Ардын намынхан дараагийн алхмыг хийхээс өөр аргагүй болов. Мөн тэдэнд улс төрийг хааш нь эргүүлэх вэ гэдгийг шийдэх гарц хэрэгтэй. Ийн ярилцах шаардлага бий ч харамсалтай нь намын “амин сүнс” болох Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Монголд алга. Түүнийг Герман руу ажлаар явсан гэсэн мэдээлэл бий. Тиймээс Ардын намынхан сайд, дэд сайдын суудлыг удирдлагын түвшинд ярихгүй байгаа юм. Гишүүдийн дунд “Үлдсэн хэдэн сарын хугацаанд дэд сайдгүй байвал яасан юм бэ” гэх яриа гарчээ. Гэхдээ яаж ч бодсон дэд сайдгүй яам гэж байхгүй нь ойлгомжтой болов уу. Дэд сайдын суудалд Ардын намын “мөнгөтэй” гэдгээрээ тодорсон залуусын нэр сонсогдох болсон. Энэ талаар Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ “Ардын намын залуус дэд сайд болох гэж байна” гэсэн яриа гарчээ. Ийм зүйл огт байхгүй. Уг нь Ардчилсан нам Засгийн газарт байж, үлдсэн ажлаа дуусгах ёстой байсан юм” гэлээ. Ардчилсан намын гишүүн, дэд сайд Б.Болор, Х.Золжаргал, Ч.Куланда нар УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөх сурагтай байгаа. Тэдний хувьд сонгуулиас өмнө сайдын суудлаа өгөх гэж буй нь сонгуульд бэлтгэх цаг гарах нь хэмээн ойлгож байгаа биз. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргалын хувьд Ардчилсан нам дахь “Кроун” фракцийнх бөгөөд ирэх сонгуулиар Эрдэнэтэд нэр дэвших аж. Тэрбээр тус аймагт нэр дэвших зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Д.Одхүүгээс авсан тухайгаа эрдэнэтчүүдэд ярьсан гэдэг юм билээ. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Болор Архангайгаас сонгогдсон гишүүд, тэр дундаа “Фортуна” Н.Батбаярын дэмжлэгтэйгээр улс төрд хөл тавьсан гэх. Тэрбээр залуучуудын байгууллага, дэд сайдын суудлыг орхин УИХ-ын гишүүний суудал руу тэмүүлэх хэмжээний амбицтай нэгэн юм. Харин А.Гансүхийн тухайд “Х.Баттулгатай бол хамтарч ажиллана” гэж хэлээд дэд сайд болсон. Тиймээс Х.Баттулга сайдын нэр хүнд хэдий өндөр байна, А.Гансүх ч төдийчинээ өндөр албан тушаалд очих нь дамжиггүй. Дэд сайдын суудлыг дагаад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын суудал ганхаж мэдэх юм. Гэхдээ энэ нь мэдээж Ардчилсан намынханд хамааралтай. Хуулиар бол Төрийн нарийн бичгийн дарга бол улс төрийн албан тушаал биш, төрийн албан хаагч. Тиймээс байдал хэвийн байж ч магадгүй. 

Салбар хариуцсан сайд нарын суудалд УИХ-ын гишүүдийн нэр дуулдаж буй. Эрүүл мэндийн сайдад Д.Очирбат гишүүн, Батлан хамгаалахын сайдын суудалд УИХ-ын гишүүн Д.Загджав, Ц.Батбаяр, Ж.Энхбаяр, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Хаянхярваа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Э.Мөнх-Очир гишүүний нэр сонсогдож байгаа. Харин тэдний хэн нь ч “Сайдын ажлыг хийх чадал хүрэхгүй” гэж хэлээгүй. Ингэж хэлэх нь битгий хэл сонгууль хүртэлх сайдын албан тушаалын төлөө нууцхан өрсөлдөж байна. Тэд “Нам надад сайдын албыг даалгавал хийж чадна” хэмээн ам бардам хэлж байгаа юм.   

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж