МАХН хэмээх товчлолоор улс төр хийсэн эрхэм

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

МАХН хэмээх товчлолоор улс төр хийсэн эрхэм

УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж, төрийн албанаас чөлөөлөгдсөн эрхмүүдийн нэг нь Л.Мөнхбаатар. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэлх алба хашиж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын суудалд дэвшсэнийг хүмүүс мэднэ. Сон­гуулийн тухай шинэ хуулиар сонгуульд нэр дэвшин өрсөлдөх төрийн албан хаагч энэ сарын 1-нээс ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөх ёстой. Үүнд   Хөвсгөл нутгийн хүү Л.Мөнхбаатар зүй ёсоор орно. Түүнийг нут­гийнхан нь дэмжинэ ч, муулна ч гэж жигтэйхэн.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг су­манд  төрсөн тэрбээр нутагтаа “Овжин эр” хэмээх  хочтой. Учир нь Л.Мөнхбаатар нутгийнхаа залуучуудыг төлөөлж, хөвсгөлчүүдийн итгэ­лийг даасан нэгэн бөгөөд  “Ойрын ирээ­дүйд ца­хиур хагалах эр” гэгддэг аж. Тэрбээр 1977 оны долоодугаар сарын 2-ны өдөр төрсөн. Дөрвөн жилийн өмнө төрсөн өдрөөрөө гэрийн хорионд орсон гэсэн. Учир нь  тэр үед долоо­дугаар сарын 1-ний үймээн болж, гудамж талбайгаар онц байдал тогтоо­сон  учир түүний хувьд хамгийн  таа­гүй дурсамжтай өдөр  тохиосон гэдэг. Тэрбээр Хөвсгөл нуурын эрэг дээр загасчлах дуртай гэж байгаа. Загасны махтай хоолонд ч нугасгүй нэгэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газ­рын дарга асан Л.Мөнхбаатарыг 2008 оны сонгуулиар С.Баярын сон­гуу­лийн штабт сайн ажилласан учир “С.Баярын хуурай дүү” хэмээн зарим хүн ярьцгаадаг. Түүний хувь хүний зан чанар нь бусдын анхаа­ралд байнга өртдөг талаар ч С.Баяр нэгэнтээ хэлж байсан удаатай. Тий­мээс түүнийг С.Баярын хүн гэж хэлэхэд хилсдэхгүй. Хуульч Л.Мөнх­баатарыг мэргэжлээрээ бахархдаг нэгэн гэдэг. Үүний нэг жишээ нь Монго­лын хуульчдын нэгдсэн холбоо­ны тэргүүн шагналтан бол­сон явдал юм. Арга ч үгүй биз. Тэрбээр Монголын үндэсний худал­даа, аж үйлдвэрийн танхимын Арбит­рын танхимын арбитрчийн албыг чадварлаг гүйцэтгэж явсан залуу улстөрчдийн нэг. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэ­жилтнээс газрын дарга хүртэл хэрхэн дэвшсэнийг сайн мэ­дэх хүн олон тул Ц.Нямдоржийн ачаар Хууль зүй дотоод хэргийн яамны Мэдээ­лэл, хяналт шинжилгээ, үнэлгээ­ний төвийн даргаар ажиллаж бай­гаад хуран­даа цол хүртсэн. Хуран­даа цолны найраа нүнжигтэй, нижгэр хийсэн хэмээн одоо болтол ярих хүмүүс ч бий.  Нутгийн ах нарынхаа тусламж­­тайгаар 32 настайдаа генерал цол хүртэх дөхсөн тэрбээр 30 гаруй жил Монголын цагдаагийн албанд зүтгээд хошууч цолтой тэтгэвэртээ гарсан олон хүний дэргэд ичмээр.  

Өнгөрсөн жилийн өдийд Улсын бүртгэ­лийн ерөнхий газрынхан МАХН, МАН-ын хооронд хэрүүл зарга өдөөж байсан. Тухайн үед МАН-аас хэдхэн хоногийн хугацаанд  МАХН гэсэн товчлол бүхий 100 гаруй нэрийг УБЕГ-т бүртгүүлэх тушаалыг залуус­таа өгсөн гэлцдэг. Үүний дагуу Л.Мөнхбаатарыг тус төвийн даргаар ажил­лаж байхад МАХН хэмээх нэ­рийг Н.Энхбаяр нарт өмчлүүлэхгүй байх бодлогыг МАН-аас баримталж улстөржүүлсэн юм. Мөн тухайн үед “Иргэд­дээ тө­рийн үйлчилгээг хүргэх ёстой уг бай­гууллагын удирдах ажилтнууд хууль зөрчсөн үү” гэсэн асуудал сөхөгдөж байсан билээ.

Л.Мөнхбаатарын хөрөнгө орло­­гын мэдүүлэг одоо л бусдын анхаар­­лыг татаж байгаа. Гэхдээ түү­ний 2009, 2010 оны хөрөнгө орло­гын мэдүүлэгт нэг их ялгаа алга. Өнгөр­сөн 2009 оны байдлаар жи­лийн нийт орлого нь 8.642.5 мянган төгрөг байсан бол гэр бүлийн гишүү­дийн орлого нь 545.4 мянган төгрөг хэмээн Авлигатай тэмцэх газ­арт хөрөнгө орлогоо мэдүүлсэн аж. Мөн 132 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байр­тай, 18 сая төгрөгийн үнэтэй Ланд-100, нутагтаа бод мал 32, бог мал 90, Хадга­ламж банкинд 15 сая төгрөгийн хадга­ламжтай нэгэн.

Түүнийг Улсын бүртгэлийн  ерөн­хий газрынхнаас гадна олон хүн “Иргэний шинэчилсэн бүртгэл эхэлж, цахим үнэмлэх гаргах гээд хаа сайгүй завгүй ажиллаж байхад улс төр рүү хөл алдан гүйж, тамгаа хүлээлгэн өгч байгаа нь юу билээ” хэмээн шүүмжилж байгааг нуух  юун.

Хүснэгтээс харвал бүтэн жи­лийн дотор малын тоо толгой нь нэмэг­дээгүй байгаа нь хачирхалтай. Түүний эрдмийн зэргийг хууль зүйн ухааны докторант гэж тэмдэглэсэн байгаа юм. Түүний талаар 2009 онд хэвлэлээр юу гэж бичиж байсныг эргэн сануулъя. Тэрбээр Монгол Ардын намын даргын ойрын хүрээлэлд багтдаг гэдгээрээ хэний ч өмнө бахархдаг, бас баярладаг гэсэн. Хамгийн хачирхалтай нь намтар түүх нь онцолмоор зүйл багатай нутгийн ах нарынхаа тусламжтайгаар ногоон гэрлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агент­лагийн дарга болсныг нь хэн хүнгүй гайхаж байсан. Харин өнөө­дөр тэрбээр Хөвсгөл аймгаас нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа аль хэдий­нэ орчихсон яваа. Мань эр ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягтай хамт нутгийнхаа айлуудаар хааяа нэг ордог гэсэн шүү.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж