ЗГ-ын саналыг хүлээж авалгүй шатахууны үнийг нэмжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

ЗГ-ын саналыг хүлээж авалгүй шатахууны үнийг нэмжээ

“Шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэх нь” гэсэн сургаар өнгөрсөн баасан гарагт шатахуун түгээх станцууд банкаа дүүргэх гэсэн машинуудаар дүүрч, түгээг­чид нь ачааллаа дийлэхгүй самгард­сан. Цуу яриа үнэн болохыг  баталж “Сод Монгол” групп, “Петро­вис” компаниас бусад шата­хуун импортлогчид  бүх төр­лийн шатахууныхаа үнийг 260 төгрөгөөр нэмсэн нь араасаа олон асуултыг дагуулж эхэллээ. Үүнтэй холбогдуулж Газрын тосны газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран өнөөдрөөс эхлэн шатахуун импорт­логчид ОХУ-аас болон бусад улсаас тонн шатахууныг хэдэн төгрөгөөр худалдан авч байгааг олон нийтэд ил болгоно гэдгийг Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар манай улсын шатахууны нөөц 30 мянган тонн байгаа ба энэ нь 15 хоног хэрэглэхэд хүрэлцэх юм байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд байгаа шатахуун дээр нэмж 13 мянган тонн автобензин, 17 мянган тонн дизелийн түлш импортолсон учир нэг сарын хэрэглээний шатахуунтай болсоныг Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хэлж, шатахууны хомсдол үүсэхгүй гэдгийг баталж байна. Түүнээс “Шатахуун импортлогч компаниуд үнэ нэмнэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн үү” гэж асуухад “Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд П.Ариунсангаар ахлуулсан газрын тосны үнийн асуудлыг хариуцсан ажлын хэсгийнхэнд  шатахуун импортлогч компаниуд шатахууны үнийг 200 гаруй төгрөгөөр нэмэх санал тавьсан байна билээ. Тэдний тавьсан саналын дагуу өнгөрсөн баасан гарагт ажлын хэсгийнхэн хуралдаж, шатахууны үнийг нэмье гэсэн шийдвэрийг оройн18.00 цагийн орчимд гаргасан. Уг нь Засгийн газраас үнийг огцом нэмэлгүйгээр тодорхой шатлалтай нэмье гэсэн асуудлыг тавьсан ч ажлын хэсгээс шатахууны үнийг дунджаар 230-260 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан юм. Ажлын хэсэгт Эрдэс баялаг, эрчим хүчний яамны төлөөлөөс гадна  Сангийн яам, Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголбанкны төлөөллүүд багтдаг” хэмээсэн юм. Түүний ярианаас үзэхэд  газрын тосны үнийн асуудлыг хариуцсан ажлын хэсгийнхэн шатахуун импортлогчдын үнээ нэмэх гэсэн саналыг хүлээж авсан атлаа Засгийн газрын саналыг хүлээж аваагүй нь ойлгогдож байна.

Тэгвэл ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууныхаа үнийг нэмээгүй атал шатахуун импортлогчид яагаад шатахууны үнийг огцом нэмэх болов. Одоогийн байдлаар шатахуун импортлогчид нэг тонн А80 автобензинийг 1060 ам.доллар, АИ92 автобензинийг 1280 ам.доллар, нэг тонн дизелийн түлшийг 1231 ам.доллараар худалдан авч байгаа. Энэ нь өмнөх сард авч байсан үнээрээ шатахуунаа худалдаж авч байна гэсэн үг шүү дээ. Тиймээс “Шатахууны үнэ нэмэх онцгой  шалтгаан байхгүй гэсэн үг” хэмээн иргэд бухимдаж байна.  Гэтэл шатахуун импортлогчид “Ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор алдагдалд орж байна. Тиймээс алдагдалд орохгүйн тулд үнээ нэмэхээс өөр арга алга” гэсэн хариултыг холбогдох байгууллагуудад нь өгчээ. Уг нь ижилхэн бизнес эрхэлж байгаа компаниуд адилхан л алданги хүлээх ёстой баймаар юм. Гэтэл “Сод Монгол” групп, “Петровис” компани алдагдалд орохгүй байгаа бололтой. Тэд шатахууны үнээ нэмээгүй байсан юм. Шатахууны үнэ нэмэгдэхэд л бүх бүтээдэгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэж, иргэдийн дунд бухимдал үүсдэг учир бодит байдал дээр ямархуу байгааг сурвалжилсан юм.

Үнээ нэмээгүй гэгдэх хоёр ком­панийн нэг болох “Петровис”-ын шатахуун түгээх станцуудаар шата­хуун олгохгүй байлаа. Учир нь тэдний нөөц дууссан гэнэ. “Нөөц   хэзээ ирэх нь тодорхойгүй учир хэзээнээс олгож эхлэхийг мэдэхгүй” гэсэн хариултыг шатахуун түгээх станцуудынх нь эрхлэгч нар хэлж байна. Харин жолооч бүр л хямдхан шатахуун авахаар “Сод Монгол” группын шатахуун түгээх станцуудыг зорьж байлаа. Тус группийн шатахуун түгээх станцуудын гадна жолооч нар маргаан дэгдээж, түгжрэл үүсгэн шатахуун түгээгч нарыг нэлээд бухимдуулж байв. Долоон буудлын 32 дугаар тойргийн зүүнтээ байрлах “Сод Монгол” группийн 23 дугаар шатахуун түгээх станцад ийм л дүр зураг өчигдөр ажиглагдаж байсан юм. Тус шатахуун түгээх станцын эрхлэгч “Ням гарагт нефть бааз амардаг учир манайх шатахуунаа хангалттай нөөцөлсөн. Баазад ч гэсэн нөөц хангалттай бий гэсэн. Үнэ ханшаа нэмэх тухай сураг дуулдаагүй. Тиймээс энэ байдлаараа шатахуун олгох байх. Ачаалал л нэлээд ихсэж байна” хэмээсэн юм. Харин үнээ нэмсэн бусад шатахуун түгээх станц ямар ч ачаалалгүй байв.

Шатахууны үнээс такси, нийтийн тээврийн үйлчилгээний компаниудын үйлчилгээний үнэ ханш шууд хамаардаг. Тиймээс таксины үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, байгууллага ч километр тутмынхаа үнийг 100 төгрөгөөр нэмж 700 төгрөг болгожээ. Зарим нь нэг километр тутмыг 800-1000 төгрөгөөр тооцож байсан ч ихэнх жолооч нар “700 төгрөгөөр явахад үнээ барьж байна. Тиймээс зарим жолооч үнээ зоргоороо нэмж даврах хэрэггүй байх” хэмээсэн юм. Харин нийтийн тээврийн үйлчилгээний үнэ одоогийн байдлаар хэвийн байгаа бөгөөд ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд өнөөдөр  хурал хийж, үнээ нэмэх эсэхийг шийдэх юм байна. Шатахууны үнэ нэмснээр бага, дунд орлоготой иргэдийн дунд бухимдал үүсэж эхэллээ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж