Томоохон модны захуудыг камержуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Томоохон модны захуудыг камержуулж байна

Хулгайн мод бэлтгэлтэй тэмцэх үүднээс модны томоохон захуудыг камержуулахаар болжээ. Энэ талаар Ойн газрын Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албаны дарга Ч.Ганбаатараас тодрууллаа.

-Модны хулгайтай тэмцэх үүднээс томоохон захуудыг камержуулахаар болсон байна. Энэ ажил хэзээ эхлэх вэ?

-Нэг үе модны хулгайчид модыг машин машинаар нь ачиж явдаг байсан. Тэгвэл одоо энэ тохиолдол ховорхон болсон. Өөрөөр хэлбэл, илүү нарийн болоод байна. Ийм учраас хяналтын систем нэвтрүүлэх үүднээс Баянзүрх, 22-ын товчоо болон нэр бүхий найман захад хяналтын камер байрлуулахаар болсон.

Ингэснээр хууль бус модны хулгай эрс багасах юм. Одоогоор "Хангай", “Тэнгэр”, “Гялгар", "Цайз", "44", "Доной", "Цолмонбадрах", "Сонсголон", "Бугант" гэсэн зах дээр хяналт тавьж, камержуулах ажлыг эхлүүлээд байна.

-Өнгөрсөн жилийн хувьд модны хулгай хэр их гарсан бэ?

-Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтраад шалгалт хийсэн. Энэ шалгалтын үр дүнд модны хулгай 2010 оныхоос буурсан дүн гарсан байгаа. 2011 оны байдлаар нийт 146 иргэнд холбоотой хэрэг зөрчлийг илрүүлэн шалгаж, нийт 62.8 мянган метр куб модыг хураасан байгаа. Ингээд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход 914 сая төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулхад модны хулгай 26 хувиар буурсан гэсэн үзүүлэлт юм.

-Дээрх зөрчлөөс томоохонг дурьдвал. Тэдэнд хэрхэн арга хэмжээ авсан бол?

-Эдгээр иргэдээс хамгийн их мод тээвэрлэсэн нь гурван воган мод байгаа. Энэ модыг Зүүнхараагийн Түнхлээс ачсан байгаа юм. Үүнийг УМБГ-аас шалгаад Сэлэнгэ аймгийн цагдаад шилжүүлсэн. Одоогоор ямар арга хэмжээ авсан шийд манайд ирээгүй байна.

-Манай улсын хувьд жилд хэчнээн метр куб мод хэрэглэх зөвшөөрөл өгдөг юм бэ?

-Жил бүр БОАЖ-ын сайдын тушаалаар модны хэрэглээг баталдаг. Энэ жил буюу 2012 онд 973217 метр куб модыг бэлтгэнэ гэсэн тушаал гарсан. Харин өнгөрсөн онд 766609 метр куб мод бэлтгэхээр тушаал гарсан байсан. Манай модны хэрэгцээ нь жилдээ хоёр сая шахуу метр куб байдаг гэсэн судалгаа байдаг. Үүнд түлээ, түлш, гаднаас орж ирж байгаа мод гээд бүгд орно.

-Модны хулгай нарийн болсон гэлээ?

-Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Мандал суманд бичиг баримтын зөрчилтэй байсан нь илэрсэн. Өөрөөр хэлбэл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлынх нь тогтоол зөрчилтэй байгаагаас үүдэн хулгайн модны эх үүсвэрийг бий болгоод байгаа юм. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт суманд гэхэд 1400 метр куб хэрэглээ, 7000 метр куб түлээний модны эрхийг өгсөн байхад хууль зөрчин хэтрүүлэн бэлгэсэн зүйл байна. Үүнээс харахад эрх бүхий мэдэлтний хариуцлагагүй гээс болж модны хулгай гараад байна гэж хэлж болно.

-Өмнөх жилээс 26 хувиар буурсан гэлээ. Үүнд юу нөлөөлөв?

-Монгол Улсын хэмжээнд 630 гаруй ойн нөхөрлөл ажиллаж байгаа. Эдгээрийн үр дүнд модны хулгай багассан. Мөн 31 ойн анги ажиллаж байна. Эдгээр нь тухайн аймаг сумын ойг хамгаалж эзэнтэй болгож байгаа юм. Тэгэхээр гол буурсан шалтгаан нь түрүүний хэлсэн шалгалт, түүнчлэн 22-ын товчоо болон Баянзүрхийн товчооны чиглэлд зөөврийн хяналтын цэг ажиллуулж байгаа нь нөлөөлсөн.

Э.Пагмадулам

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж