Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ийн тэсрэх бодист ашигладаг азотын бордоо /9тн орчим/ агуулсан сендвичин агуулах өчигдөр 22:30 цагийн орчим шатсан байна. Агуулахын гадна долоон тонн орчим азотын бордоо ачсан гурван шланз маркийн автомашин байгаа, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө гэсэн мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу цагийн байдлыг тодруулахад тус компанийн зүгээс 1.5 км газарт аюулгүй бүс тогтоон, хүн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Тухайн газарт ажиллахаар аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамтрасан ажлын хэсэг гарсан байна. Цагийн байдалтай холбогдуулан ОБЕГ, ЦЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, УМБГ-ын мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр 08:30 цагт “Изинис эйрвэйз” компанийн онгоцоор Оюутолгой руу ниссэн ажээ. Харин өглөөний 07:00 цагийн байдлаар авсан мэдээгээр агуулах дотор 600 тонн, агуулахын гадна буулгасан байгаа 210 тонн, агуулахаас 20-25 метрийн зайтай таван автомашин дээр нийт 180 тонн азотын бордоо байгаа талаар мэдээлжээ. Мөн тус аймгийн Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Олон-Овоотын” уурхайн зочид буудал, цайны газар, оффисын барилга байгууламжинд өнөөдөр өглөөний 05:00 цагийн гал түймэр гарсан, компанийн гамшгаас хамгаалах орон тооны бус штаб унтраах арга хэмжээг авч байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлсэн.
Э.Зул
http://www.mminfo.mn/