
Н.Алтанхуяг АН хамтарсан Засгийн газраас гарах болсон тухай мэдэгдээд удаагүй байна. Харин С.Батболд түүнд 2008 онд МАХН болон АН-ын хооронд байгуулсан гэрээний тухай сануулж, хэрэв АН засгаас гарвал энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг анхаарууллаа. Тэрбээр “Хамтарсан Засгийн газрын гэрээний асуудлыг нухацтай авч үзнэ” гэж хүртэл ярив. Уг нь АН гэрээгээ зөрчиж, сайд нар нь Засгийн газраас гарах гэж байгаа нь үнэн. Гэтэл зургаан жилийн өмнө МАХН-ын сайд нар иймэрхүү гэрээ байгуулчихаад түүнийгээ үл тоомсорлон явж одож л байв. Мөнөөх сайд нар дунд одоогийн Ерөнхий сайд ч явж л байлаа.
Энэ удаагийн хамтарсан Засгийн газар стандарт бусаар байгуулагдаж, УИХ-ын 2008 оны сонгуулиар олонхи болсон МАХН АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээ байгуулсан. Долоодугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүн амь насаа алдаж, оронд нь АН Засгийн газарт таван сайдын суудалтай болж хоцорсон. Ийнхүү анхнаасаа л Үндсэн хуулиа зөрчиж байгуулсан энэ засгийн түүх эцэс болохын өмнөхөн Ерөнхий сайд С.Батболд “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэгч боллоо” хэмээн гомдол, тунирхлаар дүүрэн сууна. Дараагийн парламент байгуулагдах хүртэл хамтдаа зүтгэнэ гэчихээд хэлснээсээ буцсан АН-ынхныг гүйцэтгэх засаглалын тэргүүн яахаа мэдэхгүй байна.
Ерөнхий сайд С.Батболдын хувьд, одоогоос зургаан жилийн өмнө “Энэ бол манай намын эрх ашиг” хэмээн орхисон Засгийн газар бол харин ч стандарт байсан юм. УИХ-ын 2004 оны сонгуулиар ард түмэн тухайн үеийн МАХН болон “Эх орон-Ардчилал” эвсэлд эн тэнцүү санал өгсөн билээ. Тиймээс хоёр нам эвсэхээс өөр аргагүй болсон юм. Ард түмэн улс төрийн хоёр хүчнийг эвсэж хамтраад засгаа барь гэсэндээ тэгсэн юм байж. Ингээд тэд эвслийн гэрээ байгуулж Засгийн газраа бүрдүүлсэн. Гэвч 2006 онд МАХН-ын гишүүд улс төрийн шийдвэр гаргаж, эвслийн Засгийн газраас гарахаар хэлэлцэж тогтов. МАХН-ын 10 сайд Ц.Элбэгдоржийн танхимын хаалгыг саван гарсан нь ч тэр үед болсон явдал. Тэдний дунд Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд байв. Харин танхимын сайд нарын олонхи нь ажлаа хүлээлгэн өгсөн учраас Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан Засгийн газар бүхэлдээ огцорч, МАХН-ынхан гүйцэтгэх засаглалын эрхийг барьсан түүхтэй. Гэрээгээ ийн зөрчиж, засгаас гарсан МАХН-ын гишүүдийг Ц.Элбэгдорж “Сул оролцогч байснаас хүчтэй сөрөг хүчин байсан нь дээр юм байна” гэх үгээр үдэж өгсөн билээ. Түүнээс хойш зургаан жилийн дараа АН-ын гишүүд тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын жишээг давтлаа. Ялгаатай нь гэвэл 2006 онд сайдын суудлыг намын эрх ашгийн үүднээс орхиж байсан С.Батболд өнөөдөр засгаа тэргүүлэн хоцрох болж байна. Тэр шалдаа бууж, АН-ын гишүүдийг царайчилж сууна. Ийм өдөр ирнэ гэдгийг зургаан жилийн өмнөх С.Батболд төсөөлөө ч үгүй явсан биз.
Ер нь хамтарсан Засгийн газраас АН яагаад гарах болов. АН-ынхан энэ талаар “Бид хийвэл хийсэн шиг хийж, боливол больсон шиг больдог” хэмээн тайлбарлаж байна. Магадгүй Н.Алтанхуяг дарга суудлаа авч үлдэхийн тулд нам доторхи фракциудынхаа саналыг хүлээж авснаас ингэсэн байж болно. Гэхдээ тэрбээр “Ирэх сонгуулиар ард иргэддээ ойлгомжтой, үзэл баримтлалаараа ялгарч харагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АН Засгийн газраас гарахаар боллоо” гэж ярьсан юм. Харин Ерөнхий сайд С.Батболд АН-ынханд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа энэ асуудлыг нухацтай ярилцаж үзэхийг хүсч байгаагаа уламжилсан. Дарга нь намынхаа байр суурийг илэрхийлчихээд байхад дотоод асуудалд нь хошуу дүрж, хэлсэн үгээ буцааж авахыг шаардаж байгааг Н.Алтанхуяг ч анзаарч орхив. Тэрбээр уржигдар телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үедээ Ерөнхий сайдыг “Намын дотоод асуудалд хэтэрхий оролцож байна. Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд АН-ын ҮЗХ-оос ямар шийдвэр гарахыг мэддэггүй юм” хэмээн ярьсан билээ. Хамгийн сонирхолтой нь С.Батболд ба түүний нөхөд 2006 онд АН-ынхан шиг “Бид хийх зүйлээ хийсэн. Одоо болно” хэмээн Засгийн газраас гарахгүй байхыг хүссэн Ц.Элбэгдоржийн хүсэлтийг няцааж байсан уу. Аль эсвэл “Ард түмэн болон улс орныхоо хөгжлийн эрх ашгийн үүднээс ажлаа хамтарч дуусгах хэрэгтэй” гэх гүйцэтгэх засаглалын тэргүүний байр суурийг хүндэтгэж байв уу. Ер нь С.Батболд зургаан жилийн өмнө Засгийн газраас гарахдаа юу бодож байсан бол.
"Улс төрийн тойм" сонин