Хятад ”Нэг хүүхэд” хөтөлбөрөөсөө татгалзаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Хятад ”Нэг хүүхэд” хөтөлбөрөөсөө татгалзаж магадгүй

Манай урд хөршийн эрх баригчид 1979 оноос хойш хот суурин газрын оршин суугчдад хамаарах "Нэг өрх-Нэг хүүхэд" хөтөлбөрийг ягштал хэрэгжүүлж байгаа билээ.

Харин сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдаад хөтөлбөрийг цуцлах талаар яриа гарах болжээ. Үүнд дараах шалтгаанууд байгаа гэнэ.

Нэгдүгээрт, хүн амын амьжиргааны төвшин дээшилснээр үр удмаа мөнгөнөөс дээгүүрт тавих болсон явдал. Хятад улсад хосууд гэр бүл болохдоо орон нутгийн захиргаанд багагүй хэмжээний мөнгө төлөх ёстой байдаг. Ингээд олон жилийн дараа нэгээс дээш хүүхэд гаргаагүй, өөрөөр хэлбэл, "Нэг өрх-Нэг хүүхэд" хөтөлбөрийг зөрчөөгүй тохиолдолд мөнгөө буцааж авах хууль үйлчилдэг. Сүүлийн үед ийм байдлаар тушаагдсан мөнгө улсын орлого болох явдал олон гарах болжээ.

Хоёрдугаарт, олон улсын зүгээс ирэх дарамт шахалт. Машинд мөргүүлэн ухаангүй хэвтэх бяцхан охины хажуугаар жишим ч үгүй өнгөрөн явах хятад иргэдийг харуулсан бичлэг интернэтэд тавигдсаныг манайхан санаж байгаа биз ээ. Энэ бичлэг цацагдсанаас хойш гадаад ертөнцийн зүгээс хятадуудыг үнэлэх үнэлэмж үлэмж буурч, "Хятад улс үнэхээр л дэлхийн өндөр хөгжилтэй гүрэн гэж тооцогдох гээд байгаа юм бол эхлээд хүний хөгжил, эрхийг тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй" гэсэн суртал ухуулгыг ихээр хийх болсон.

Эрх баригчид хэдийгээр барууны соёлыг улс орондоо нэвтрүүлэхэд болгоомжтой хандаж байгаа ч иргэд нь хүссэн хүсээгүй автсаар байгаа юм. Хөтөлбөрийн хэрэгжилт хөдөө тосгонд арай уян хатан, эхний хүүхэд нь охин байвал дахиад нэгийг төрүүлэхийг зөвшөөрдөг. Хоёр дахь хүүхэд нь бас охин байвал зарим айл түүнийг ердөө л амийг нь тасалж орхино. Гудамжинд хаяна, эсвэл худалдана. Иймэрхүү байдлаар хэнд ч хэрэггүй болсон хүүхдүүдийг бусдад үрчлүүлэх буюу эрхтнийг нь наймаалах зорилгоор худалдах гэмт хэрэг үндэсний нэр төрийг хараар будаж буй.

Оны өмнөхөн энэ чиглэлээр дагнан ажилладаг 600 гаруй гэмт этгээдийг баривчилсан нь хамгийн ойрын жишээ. Энэ нь хүн амын бодлого төлөвлөлтийг эргэн харах нэгэн шалтгаан болж чадах юм.

Гуравдугаарх буюу хамгийн гол ч байж болох шалтгаан нь хүний хөгжилтэй холбоотой. "Бяцхан эзэн хаадын хэнээрхэл" хэмээх нэр томъёог үүсгэсэн эрх танхи, бие даах чадваргүй хятад "айлын ганц"-ууд эдүгээ эрийн цээнд хүрч, үндэстнээ хорлох хэмжээнд ирээд байна. Энэ бүх шалтгааны улмаас урд хөршид удахгүй "Шинэ хүүхдийн тэсрэлт" гэж нэрлэхүйц үйл явдал болно гэж эрдэмтэд дүгнэж байна. Хятад улсын олонхийг бүрдүүлэгч хан үндэстнүүдийн шүтэн дээдэлдэг луу жил тохиож байгаа нь бас нэг шалтгаан.

Тэнгэрийг эзэгнэн захирагч луу жилд хүүхэд төрүүлэх нь хэмжээлшгүй аз хийморь, буян хишиг дагуулдаг гэх учир "Нэг өрх-Нэг хүүхэд" хөтөлбөр цуцлагдаагүй байсан ч "Шинэ хүүхдийн тэсрэлт" болох ажээ.

Б.Болор

Эх сурвалж: http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж