Н.Алтанхуяг дарга хамтарсан Засгийн газраас гарах болсон үндэслэлээ тийм ч тодорхой тайлбарлаж чадахгүй байна билээ. Арга ч үгүй юм. Ямар “Би Х.Баттулгаас урьтаж Засгийн газраас гарахаа мэдэгдэхгүй бол болохгүй байна” гэлтэй биш. УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга түүнийг эзгүйд, 2011 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдын хувьд Засгийн газарт байгаа өөрийн намын сайд нарынхаа байр суурийг хамгаалдаг, энэ талаар ямар нэгэн алхам хийдэг байх. Та нарт бололцоо олгох талаар хэр ажилладаг вэ” гэсэн асуултад “Өөрөө бол хийсэн л гэж ярьдаг юм. “Ажил явахгүй байна аа” гэхээр “Ажил чинь явж л байгаа шүү дээ” гэдэг. Би сүүлийн үед уулзах болгондоо ам муруйдаг болсон. Өнгөрсөн 2011 оны хавар манай ҮЗХ хуралдаад “Энэ их том бүтээн байгуулалтыг хийхийн тулд АН хамтарсан засагт байж байг” гэж үзсэн юм. Одоо тайлангаа тавих цаг болж байна. Олон гишүүн олон талаас юмаа ярина биз. Хамтарсан Засгийн газарт ороход манай ҮЗХ хуралдаж санал хураагаад “Монгол Улсын хөгжлийн төлөө хамтарна” гэсэн зорилготой байлаа. Тэгэхээр ҮЗХ тайланг нь сонсоод дүгнэлтээ гаргах биз” хэмээн хариулжээ.
Хариуд нь Н.Алтанхуяг хэвлэлд өгсөн ярилцлагаараа “АН энэ засагт 15 сайдаас зургаан сайдын суудалтай байна. Сайдууд өөр өөрийнхөөрөө л ажиллаж байгаа, бас хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг өөр өөрийнхөөрөө дүгнэж яваа байх, АН, МАН гэлтгүй. Тэр үүднээсээ Х.Баттулга өөрийнхөө бодлыг хэлсэн биз. Тэр хүн өөрийнхөөрөө бодлоо илэрхийлэхийг би зөвшөөрнө. Угаасаа би Тэргүүн шадар сайдын хувьд аль ч нам гэлтгүй бүгдтэй нь тулах үе ч байдаг юм. Одоо Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуустал ердөө зургаан сар л үлдлээ. Алдсан нь ч биднийх, олсон нь ч биднийх. Хамтраад хийсэн сайн нь ч, муу нь ч бидний хамтын бүтээл. Тийм байтал нэг нь энхийн цагаан тагтаа болох гээд дэмий л дээ. Засгийн газрын нэг сайд нь эх орныхоо төлөө, бусад нь дандаа эсрэг ажиллаж байсан гэвэл итгэх хүмүүс олдохгүй болов уу. Засгийн тухайд ийм байна. Харин намтай холбоотой зүйл дээр санал нийлэхгүй зүйл байна лээ” хэмээн хариулсан байх юм.
Ийм л юм болж. Үр дүнд нь шатахууны үнэ тэнгэрт хадаж, ам,долларын ханш ойрын үед тогтоон барих аргагүй болтол өсөв. Инфляци хэдэн хувьд хүрэхийг таашгүй.
Монголбанкныхан өнгөрсөн баасан гарагаас хойш сандралдан түгшүүр зарлалаа. Юуны төлөө вэ гэж үү. Жаахан хуримтлуулсан гадаад валютын нөөц 2,5 их наяд ам.доллараа нөхцөл байдлыг намжаахад зориулж “тавиад туух” уу. Эсвэл “Цаашид байдал сайжирна. Бүү сандар” гэсэн гал унтраах мэдэгдэл хийх үү гэдэг дээр санал нь хуваагдаад байгаа бололтой. Ер нь энэ бүхэнд хэн буруутай вэ. Өнгөрсөн бямба, ням гарагт ам.долларын ханшийг валютын ченжүүд л хөөрөгдсөн. Тэгэхээр тэдэнд лиценз өгч, хяналт тавих эрх бүхий байгууллагын хувьд Санхүүгийн зохицуулах хорооныхон буруутаж таарна. Шатахууны үнэ гэнэт нэмэгдсэн асуудалд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хариуцлага хүлээх нь лавтай. Мөн валютын ханшийг барьж чадалгүй алдчихсан Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өдийд УИХ, Засгийн газраас урьтаад өөртэйгээ хариуцлага тооцож суугаа нь мэдээж. Харин хэргийн эзэн, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг болон бусад улстөрч хариуцлага хүлээх болов уу.
Хамтарсан Засгийн газар ч, УИХ ч Тавантолгойн ордын асуудлыг ирэх сонгуулийн гол хөзрөөр сонгож ихэд чухалчлан хэлэлцэж байгаа. Гэтэл иргэдэд гэнэт олдсон Тавантолгойн хувьцаа, нэг сая төгрөгийн аль нь ч чухал биш. Гагцхүү махны үнэ 7000 төгрөгөөс давж, шатахууны үнэ нэг л орой 260 төгрөгөөр нэмэгдэж, валютын ханш 1450-1480 төгрөгт хүртлээ хөөрсөн нь л аймшигтай, амьжиргаанд нь хорлонтой мэдээлэл билээ. Аягүй бол улстөрчид хэдэн багшийн цалин нэмснээ алдаа болчихлоо гэх байх л даа.
-Бидэнд нэг хэцүү асуудал байж, түүний ард гарсан. Тэр нь юу вэ гэвэл хамтарсан Засгийн газарт орох уу гэдэг асуулт. Өмнө нь Ц.Элбэгдорж гэдэг Ерөнхий сайдтай хамтарсан Засгийн газарт манайхан байж байгаад нөгөө намдаа өшиглүүлээд гарсан шүү дээ. Тийм шархтай хүмүүс дахин хамтарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ манай ҮЗХ-ныхон хамтарна гэсэн шийдвэр гаргасан. Тэр хүмүүст би одоо ч баярладаг. Яагаад гэвэл, гурван жилийн дараа харахад хамтарсан нь зөв байжээ гэдэг нь олон зүйлээс харагдаж, олон нийтийн үнэлэмжээр тодорч байна. Хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг Н.Алтанхуяг мэддэг юм биш, С.Батболд ч мэддэг юм биш. АН-ын асуудлыг ҮЗХ хуралдаж шийднэ. Гэхдээ ҮЗХ олон нийтийн санал бодлыг хараад шийдвэрээ гаргаж таарах байх. Гаргалаа гэхэд түүн дээр нь олонхи, цөөнхи болоод байх асуудал байхгүй. Нэг хэсэг АН-ыг засгаас гарах тухай яриа нэлээд дэлгэрсэн нь нууц биш. Хүмүүс надтай тааралдахаараа “Хэзээ гарах гэж байна” гэж мэндэлдэг болсон үе ч байлаа. Одоогоор манай намд ийм яриа гараагүй байна.
/2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас/
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад гурван жил хагас болсон учраас монголчууд олон зүйлийг мартсан байх. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа долоодугаар сарын 1-ний хар өдөр тохиож, улс оронд сөргөлдөөнтэй байдал үүссэн. Ингээд улс төрийн хувьд Монгол Улс сөргөлдөөнтэй байдлаар цааш явах эсэх тухай асуулттай тулгарсан. Энэ үед АН тодорхой хэмжээгээр ухаалаг шийдвэр гаргаж “Хамтарсан Засгийн газарт орж, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэе” гэж ҮЗХ-оос шийдвэрлэсэн. Хамтарснаараа бид Монгол Улсад улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадсан. Хамтарснаараа бид дэлхий нийтэд томоохон гамшиг авчирсан эдийн засгийн хямралыг харьцангуй гарз хохирол багатай даван туулсан. Хамтарснаараа бид олон жил дуншиж байсан уул уурхайн салбар, Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны эдийн засгийн эрчимтэй хөгжлийн суурийг тавьсан.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлаар томоохон ажлуудыг эхлүүлж чадсан. АН хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөрт оногдсон түүхэн үүргийг хариуцлагатай, нэр төртэй хийж чадсан гэж би АН-ын даргын хувьд үзэж байна. 2012 он гарлаа. Онцлогтой жил. Энэ оны зургаадугаар сард УИХ-ын болон орон нутгийн сонгууль болно. Сонгуульд мэдээж АН, МАН тусдаа орно. Хоёр нам тус тусын үзэл баримтлал, ойрын хугацаа болон АН-ын санаачилсан 2020 он хүртэлх хугацаанд монгол хүнээ хэрхэн хөгжүүлэх, улс орныхоо хөгжлийг хэрхэн төсөөлж байгаагаар мөрийн хөтөлбөрөө боловсруулан оролцох нь дамжиггүй. Тийм учраас АН өөрт оногдсон түүхэн үүргээ хангалттай сайн биелүүлж чадсан тул Засгийн газраас гарах нь зөв гэж үзэж байна.Бид хамтарсан Засгийн газраас гарахаар шийдлээ.
/2012 оны нэгдүгээр сарын 5-нд болсон Ардчилсан намын 4:11 уулзалтын үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдлээс/
"Улс төрийн тойм" сонин