Сонгодог урлагийн “олимп” гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттод тоглох гэнэ. Залуу дуучин Э.Амартүвшингийн хувьд 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч, УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм. Тэрбээр “Хэрмэл жүжигчид” дуурийн Тонио, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Ламбугайн нулимс” дуурийн Лодон, “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг бүтээжээ. Харин энэ улирлад Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд тоглохоор бэлтгэлээ хангажээ. Э.Амартүвшингийн гоцлох Ж.Вердийн “Риголетто” дуурь энэ сарын 15-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглоно.
“Риголетто” бол хөгжмийн зохиолч Ж.Вердийн оргил бүтээлүүдийн нэг бөгөөд дуурийн дуучдаас өндөр ур чадвар, техник, жүжиглэлт шаарддаг аж. Дуурийн дуучин Э.Амартүвшин энэхүү дуурьд удаан бэлтгэсэн бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд Риголеттогийн ариг дуулсан нь үзэгчдийг уйлуулсан юм.
М.Дөл