Cэргээгдэх эрчим хүчний 2.6 сая МВт-ын нөөцтэйг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Cэргээгдэх эрчим хүчний 2.6 сая МВт-ын нөөцтэйг тогтоожээ

-Монгол сэргээгдэх эрчим
хүчний 2.6 сая МВт-ын нөөцтэйг тогтоожээ-

Монгол улс нь газар дороо үлэмж хэмжээний нөөц бүхий эрдэс баялагтай
төдийгүй газрын дээрээ ч асар их эрдэнэстэй тухай дэлхийн томоохон хэвлэлүүдээр
бичиж нийтэлж эхэллээ. Энэ нь манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг 2.6 сая
МВт болохыг АНУ-ын үндэсний сэргээгдэх эрчим хүчний лаборатор болон Монголын
сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв хамтран тогтоосонтой холбоотой юм.

Энэхүү хэмжээ нь дэлхий дээр ажиллаж байгаа нийт цөмийн реакторуудын
үйлдвэрлэж байгаа эрчим хүчний чадамжаас долоо дахин их хэмжээ ажээ.

Монголын одоогийн нийт ДЦС-уудын эрчим хүч үйлдвэрлэлийн чадамж ердөө 800
гаруй МВт байгаа билээ.

Монголын сэргээгдэх эрчим хүчний энэхүү боломжийг эх орны нар, салхи, усны эрчим
хүчнээс гадна газрын гүний дулааны эх үүсвэрийг ашиглан бий болгож болох ажээ. Монголд
ирэх жил 50 МВт-ын салхин парк байгуулах гэж буй "Ньюком" групп энэхүү дүнгийн 40
хувь нь салхины эх үүсвэрт хамаарна гэж үзэж байна.

Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний технологийн өртөг өндөр байгаа ч,
зарим судалгаар салхин турбины үнэ сүүлийн жилүүдэд 30 хувиар буураад байгаа
ажээ. Салхин турбины үнэ одоо дэлхийн зах зээлд нэг КВт нь 900-1400 ам.долларын үнэтэй
байна. Өөрөөр хэлбэл нэг МВт-ын хүчин чадалтай томоохон хэмжээний салхин турбин дунджаар нэг сая
ам.долларын үнэтэй байна.

Манай улсын хувьд 2005 онд УИХ-ын баталсан Сэргээгдэх эрчим хүчний
үндэсний хөтөлбөрт 2020 он гэхэд улсын нийт эрчим хүчний 20-25 хувийг уг
салбарын технологиор шийднэ гэж тусгаад байгаа билээ.

"Ньюком" групп 2020
он гэхэд зургаан салхин паркыг ашиглалтад оруулахаар зорьж буй ажээ. Эдгээр нь
нийтдээ 1000 МВт-ын хүчин чадалтай байх юм байна.

Эрдэс баялаг,
эрчим хүчний яамнаас  томоохон хэмжээний усан цахилгаан станц, нарны станц
байгуулахаар ажиллаж буй ч, судалгааны ажил дөнгөж эхлэл шатандаа байгаа юм.

Гэхдээ эдгээр төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалтыг хэр оновчтой шийдлээр шийдэх нь
одоогоор тодорхойгүй байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж