Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналын эцсийн шатанд нэр дэвшсэн тоглогчдыг үсгийн дарааллаар жагсаавал, Криштиан Рональду /Португаль/, Лионель Месси /Аргентин/, Шави /Испани/ нар юм. Харин оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчид Бразилийн Марта, Японы тоглогч Хомарэ Сава болон АНУ-ын Эбби Уомбак нар нэр дэвшжээ. Шилдэг дасгалжуулагчийн шагналд Алекс Фергусон /Шотланд/, Хосеп Гуардиола /Испани/ болон Жозе Моуриньо /Португаль/ нар, эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчид Бруно Бини /Франц/, Норио Сасаки /Япон/, Дия Сандхейж /Швед/ нар өрсөлдөх юм. Түүнчлэн оны хамгийн “ганган” гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэмжит шагналд Лионель Месси, Неймар болон Уейн Рүүни нар нэр дэвшээд байна. Номинаци тус бүрт нэр дэвшсэн гурван эрхмээс шилдгийг шалгаруулна. Ингэхдээ уламжлалын дагуу FIFA-д гишүүнчлэлтэй орнуудын шигшээ багийн дасгалжуулагч болон багийн ахлагч нараас гадна “France Football” сэтгүүлээс сонгосон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн төлөөллүүдийн саналыг харгалзах юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, шилдэг хөлбөмбөгч, шилдэг дасгалжуулагчид нэр дэвшээд буй “Реал”-ын хоёр эрхэм гала арга хэмжээнд оролцож чадахгүйгээ мэдэгджээ. Учир нь “Реал Мадрид” энэ сарын 11-нд буюу ирэх лхагва гаригт Испанийн Эзэн хааны цомын тэмцээний шөвгийн 16-гийн шатны хариу тоглолтоо хийх тул энэ үдэш болох ёслолын арга хэмжээнд Криштиан Рональду, Жозе Моуриньо нар хүрэлцэн очих боломжгүй болсон байна.