Утаагүй гудамжнаас утаагүй Улаанбаатартай болно

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Утаагүй гудамжнаас утаагүй Улаанбаатартай болно

Монголчуудын хувьд сайн, муу мэдээ
ээлжлэн сонссон бас нэгэн долоо хоног өнгөрлөө. Шатахууны үнийн
шалтгаангүй нэмэгдэл олон хүнийг бухимдуулсан нь өнгөрөгч долоо хоногийн
хамгийн муу мэдээ байв. Хамтарсан Засгийн газраас АН гарлаа гэдгээс ч
илүүтэй нийгэмд шатахууны үнийн өсөлт муу мэдээ болж очсон нь
ойлгомжтой. Яагаад гэвэл, шатахууны үнэ өөрөө суурь үнэ хөдөлгөдөг,
инфляцид хамгийн ихээр нөлөөлдөг болохоор тэр. Харин өнгөрсөн долоо
хоногийн хамгийн сайн мэдээ бол Улаанбаатар хот утаанаасаа салж буй
тухай байв. Шатахууны үнэ үргэлж л өсч байдаг бол Улаанбаатар хотын
агаарын бохирдол өнгөрсөн 20 жилд анх удаа буурч буй мэдээ ирлээ.
Тэгэхээр энэ бол яах аргагүй сайн мэдээ болов уу.

Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн
хуралдаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж
байгаа ажлын талаар мэдээлэл хийхдээ “Сайжруулсан зуух хэрэглэж байгаа
айлуудын гудамжинд утаа байхгүй болсон. Утаанаас салъя гэсэн бодол хүн
бүрт байх ёстой. Одоо иргэдээс өөрсдөөс нь шууд шалтгаалах тийм сонголт
ирж, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон санаачилгатай хандаж, өөрийн
болон бусдын өмнө хариуцлага хүлээх шаардлагатай байна” гэж онцлон
хэллээ.

    Үнэхээр ч Ерөнхий сайд С.Батболдын хэлсэнчлэн сайжруулсан зуух
хэрэглэж буй гэр хорооллын гудамж талбай утаа багатай, утаагүй болсон нь
үнэн. Хотын агаарын бохирдол 15-18 хувиар буурахад утаа бага
ялгаруулдаг бүрэн шаталтат “Өлзий”, “Хас” зуух гэртээ суурилуулсан
мянга, мянган өрхийн хувь нэмэр байгаа билээ.  

Тэдний нэг болох Чингэлтэй дүүргийн XV хорооны иргэн О.Батсүхийнд манай
сурвалжлах хэсгийнхэн очсон юм. 40 ам метр талбай бүхий хувийн сууцанд
тэднийх амьдардаг юм байна. Өвлийн улиралд гурван “Портер” түүхий нүүрс
түлдэг байсан гэж гэрийн эзэн хуучилсан. Харин “Өлзий” суух гэртээ авч
тавьснаар түлшний зардлаа мэдэгдэхүйц хэмнэж чадсан гэж ярьж байлаа.
Бага зардлаар илүү дулаан өвөлжиж байгаа тухайгаа О.Батсүх гуай бидэнд
ийн ярьсан юм.  “Манайх Цагаан сар хүртэл гурван “Портер” нүүрс түлдэг
байсан айл. Энэ жил хоёр “Портер”-оор л өвөлжихөөр дүр зураг харагдаж
байна. “Өлзий” зуух түлшинд хэмнэлттэй. Мөн өнгө үзэмж сайтайгаас гадна
утаа тортоггүй юм аа. Манай гудамжний бараг бүх айл “Өлзий”, “Хас” зуух
хэрэглэдэг болсон. Өглөө, оройдоо татчихдаг байсан утаан хөшиг одоо
манай гудамжинд үзэгдэхээ больсон шүү. Ингэхээр утаа багасахын хажуугаар
эдийн засагт ч хэмнэлттэй зуух гэж би бүрэн дүүрэн хэлж чадна. Дээр нь
“Өлзий” зуух гэртээ суурилуулсан болохоор шөнийн цахилгааныхаа төлбөрийг
50 хувь хямдруулчихсан” гэж байв.

О.Батсүх гуайнх бол “Өлзий”, “Хас” зуух гэртээ суурилуулсан 40 гаруй
мянган өрхийн нэг. Тэднийх шиг, тэдний гудамжнийхан шиг айл өрхөөрөө
бүрэн шаталтат, утаа бага ялгаруулдаг зуухны хэрэглэгч болсон газар
зөндөө бий. Өргөс авч байгаа юм шиг л өглөө босоход утаа арилчихна гэж
байхгүй. Юм болгон жижгээсээ л эхэлдэг шүү дээ. Эхлээд гудамж утаагүй
боллоо, удахгүй Улаанбаатар маань утаагүй болно. Ийм л зорилгоор
“М-Си-Эс” групп, “Сэлэнгэ констракшн” компанийнхан 70 мянган бүрэн
шаталтат, утаа бага ялгаруулдаг зуух нийлүүлэх ёстойгоос одоо ажлынхаа
талыг нугалчихаад байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр
хорооллын 170 гаруй мянган өрхийн дөрөвний нэг нь бүрэн шаталттай
зуухтай болж, түүхий нүүрсний зардлаа 30-50 хувь бууруулж чадсан байна.
Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд нийт750 мянга орчим тонн түүхий
нүүрс хэрэглэдэг байсан бол энэ жил нүүрсний хэрэглээ 200 мянга орчим
тонн-оор буурахаар байгаа ажээ. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн энэхүү
судалгаанаас харахад 200 мянган тонн түүхий нүүрсийг шатаахгүй гэхээр
Улаанбаатарын агаарын бохирдол төдий хэмжээгээр буурна гэсэн үг.

Жилээс жилд нэмэгдэж байсан утаа анх удаа буурах төлөвтэй болж, түүхий
нүүрсний хэрэглээ ч хуимгдаж байгаа нь олон хүний хүч хөдөлмөртэй
холбоотойг дурдахгүй байхын аргагүй. Яагаад гэвэл, Улаанбаатар рүү нүүж
буй шилжилт хөдөлгөөн зогсоогүй байхад утаа буурна гэдэг бол том дэвшил.
Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар сүүлийн нэг жилд 10 мянга гаруй
өрх нийслэлд шинээр ирж суурьшжээ. Эдгээр өрхийн ихэнхи нь гэр
хороололд суурьшсан гэхээр утаа үйлдвэрлэдэг яндангийн тоо 10 мянгаар
нэмэгдсэн л гэсэн үг. Ийм байхад сүүлийн 20 жил байнга нэмэгдэж байсан
утааг сүүлийн гурван сарын дотор хувийн хэвшил, төр, олон улсын
байгууллагууд үр дүнтэй хамтарч ажиллан утаа нэмэгдэхийг хазаарлаж,
эхнээсээ эерэг үр дүн гаргажээ. “Мянганы сорилтын сан”, Засгийн газрын
“Цэвэр агаар” сан, “М-Си-Эс” групп, “Сэлэнгэ констракшн” гээд энэ ажлын
түрүүнд яваа байгууллагуудыг дурдах ёстой болов уу.

Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, дээр нь иргэдийн
оролцоо Улаанбаатарын утаа 15-18 хувь буурахад гол нөлөө үзүүлсэн нь
ойлгомжтой. Ганцхан жишээ хэлэхэд, урд жилүүдэд утаа бага ялгаруулдаг
зуух айл өрхүүдэд түгээж л байсан. Гэхдээ жилд 450 зуух тарааж байсан
бол одоо “М-Си-Эс”, “Сэлэнгэ констракшн”-ынхан өдөрт дунджаар 400 зуух
түгээдэг гэсэн тооцоо гарчээ. Утааны эсрэг тэмцэлд нэгдсэн “М-Си-Эс”
групп 250 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, хүмүүсээ сургаж, айл
бүрийн гэрт зуух хүргэж өгч байгаа. 40 гаруй мянган айлд дөрвөн сарын
дотор хүрч үйлчилнэ гэдэг урьд өмнө манайд хийгдэж байгаагүй том
далайцтай ажил гэхэд болно. Үүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн,
ашгийн бус үйл ажиллагаа гэж тодотгохоос өөр аргагүй билээ.

Нийслэлийн 40 мянган өрхийн 200 гаруй мянган иргэн утааны эсрэг тэмцэлд
нэгдэж, зуухаа утаа багатай болгож, түлш хэмнэж, бага мөнгөөр илүү
дулаан өвөлжиж байна. Утаагүй гудамжнаас утаагүй Улаанбаатартай болно
шүү дээ. 

Л.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж