Олуулаа болох уриалгаа хэрэгжүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Олуулаа болох уриалгаа хэрэгжүүлж эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч баасан гаригт ЗГ, УИХ-ын гишүүд, ҮАБЗ-ын ажлын албаныхан, тамгын газрынхан, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрынхныг цуглуулан нэгэн зөвлөгөөн хийжээ.

Ерөнхийлөгч энэ үеэр нэгэн зүйлд хариулт хүссэн нь “Монголын иргэний харъяаллаас гарч байгаа хүмүүсийн тоо болон иргэн болж байгаа хүмүүсийн тооны харьцаа дэндүү их буюу 60:1-ийн харьцаатай байгаа” тухай байв. Ийн уулзаж ярилцсан сэдэв нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн хүчийг эх орныхоо хөгжилд ашиглах тухай юм. Товчоор бол ерөнхийлөгчийн өнгөрөгч Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганд хэлж байсан “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэх уриалгыг ажил хэрэг болгох эхний алхам нь энэ аж. Ерөнхийлөгч энэ талаар “Миний хэлсэн үг зөвхөн уриалгаар зогсохгүй ажил хэрэг болох ёстой” гэв.  Хэдий гадаадад буй иргэдийг Монголд ирэхэд таагүй нөхцөл байдал хүлээж байгаа, үүнд нь анхаарлаа хандуулах ёстой гэдгийг уулзалтад оролцогчид бүгд хүлээн зөвшөөрч байв.

Тухайлбал, Улсын нийслэлд төдий­гүй, бусад аймаг орон нутагт утаа, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Сүүлийн Иргэдийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд  эрүүл  мэндэд харш зүйл их байна. Мөн цус ойртолт, генийн доройтол санаа зовоох хэмжээнд хүрсэн байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангамж дутмаг байгаа зэрэг гэнэ. Ингээд яригдсан асуудлыг ажил хэрэг болгох, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн бөгөөд нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх зэрэг ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар болов. Мөн ирэх 3-р сард уулзаж, ажлын явцыг танилцуулахаар болж энэ удаагийн уулзалтыг өндөрлүүлсэн юм.         
 
Хилийн гадна амьдарч байгаа угсаа гарвал нэгтэй улсууд руугаа хандсан бодлого хэрэгжүүлдэг туршлага олон улсад байдаг аж. Тухайлбал, хойд хөрш “Русский мир” хөтөлбөр, өмнөд хөрш “Тавдугаар цуваа” бодлого, Казахстан Улс “Эргэн ирэгсэд” “Нурлы кош буюу Гэгээн нүүдэл” гэх зэрэг бодлогууд хэрэгжүүлдэг байна.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж