Шатахуунаас үүдсэн үнийн давалгаа

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Шатахуунаас үүдсэн үнийн давалгаа

Aвтобус хүлээж цөхсөн би яарахын эрхэнд таксинд суухаар болов. Зорьсон газраа ирээд 2500 төгрөг сарвайтал, мөнгөө дутуу өгсөн болж таарлаа. Таксины нэг километрын үнэ нь 800 болж нэмэгджээ. Учир нь бензин хэмээх “гайхлын” үнэ нь нэмэгдсэнтэй хол­боотой. Жолооч ах хүүгийн ярьж байснаас харвал бензиний үнэ шата­хуун түгээх станц болгонд өөр байдаг бололтой юм.

Бухимдахгүй дугаарлацгаана

Ар араасаа цуврах олон машин. Нэг нь ч үл хөдлөх бөгөөд дуут дохиогоо хэн нь ч үл хэрэглэнэ. Зарим жолооч нар машинаасаа түр буугаад тамхилахын хамт, хэд гурван үг хөөрөлдөж зогсох ажээ. Түгжрэлд жолооч нар таатай ханддаг болсон уу гэвэл үгүй. Ганцхан өдрийн дотор гурван зуу гаруй төгрөгөөр нэмэгдсэн шатахууныг арай бага үнээр авахын тулд дугаарлаж байгаа нь энэ. ТБД Андуудын урд байрлах “Сод монгол” шатахуун түгээх цэгээс шатахуун авах гэж бараг 10-20 метрийн уртаас, урт дарааллыг үүсгэжээ. Бүх улс даяараа бензиний үнэ нэмэгдсэн ч “Сод монгол” болон “Петровис” компаниудад бензиний нөөц хангалттай хэмжээнд байгаа учраас ийнхүү үнээ нэмээгүй гэх. Тэнд ажиллагсдын хэлж буйгаар дараагийн долоо хоногоос энэ хоёр компанийн бензиний үнэ ч нэмэгдэх аж. Учир нь тэдний нөөцөлсөн бензин дуусах учраас тэр. “Ганц хоёр газар нь ч ингэж зарж байгаа нь сайшаалтай. Чухам юунаас болж нэмэгдсэн нь мэдэгдэхгүй л байх шиг байна. Авах хэд маань улам л цөөрөх юм шиг байна шүү. Харин дараа долоо хоногоос энэ хоёр компани нь ч нэмэх юм дуулдана лээ” гэж СХД-ийн 15 дугаар хорооны иргэн Д.Сугар ийн ярьж байв. Чухамдаа тэнд шатахуун авах гэж дугаарлаж байсан хүмүүсийн дийлэнх нь харамссан, гайхсан, бухимдсан нь илт. Гэхдээ тэд ажил, төрлөө амжуулахын тулд дугаарлахаас өөр сонголт үлдсэнгүй бололтой. Зарим жолооч нар машинтайгаа ирсэн байхад зарим нь бүр сав барьчихсан дугаарлаж байгаа харагдав.

Хэн ч алга, үнэ нэмэгдсэн

“Синчи ойл” компанийн шатахуун түгээх цэг. Өмнө нь шатахун зарж байсан болтой энэ цэгт бензин авах гэсэн машин байтугай, хүн ч алга. Жолооч нарыг хүлээх мэт шатахуун түгээгүүрийн ажилчид зам харуулдана. Сурвалжлага хийхээр очсон тэр мөчид гурван машин ирсэн боловч нэг нь ч бензин үл авах ажээ. “Эд нар даварч байгаа байхгүй юу. Үнээ байнга нэмдэг. Дэлхийд өсөөд байна гээд л. Дэлхийд буурангуут манайд буурдаггүй биз дээ. Тэгсэн мөртлөө “Сод Монгол”, “Петровис”-д нэмээгүй байдаг. Одоо тийшээ л явдаг байхдаа. Дараалал урт байна гэсэн. Гэхдээ яахав дээ” гэж Баянгол дүүргийн иргэн Ж.Хишигжав ярьж байсан юм. Тэндхийн ажилчид амандаа үглээд үлдэх. “Бид ямар нэмчихсэн биш жолооч нар бидэнд л уураа гаргадаг. Яг үнэндээ сүүлийн хоёр өдөр биднийг загнах хүн их л байна. Шатахун авдаг нь ч бага л юм” гэж “Синчи Ойл” компанийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилчин ярьж байсан юм. Ингэж яриад удаагүй байтал нэгэн ажилтан “Ашгүй дээ хоёр машин бензин авчихлаа” гээд инээд цацруулан орж ирэв. Буцаж байгаа машиныг харвал азын дугаартай, Лексус маркийн машин байлаа.

Нэмнэ, нэмнэ, нэмэлгүй яахав…

Хувийн таксичид бензиний үнэ нэмэгдсэнийг хамгийн түрүүнд “өлгөж” авчээ. Километр тутамдаа 800 төгрөг болгосон байна. Нийслэлийн нийтийн тээврийн газраар дураараа үнээ нэмж байгаа таксичдын үйлдэл хууль бус гэсэн ч тэднийг амьдрал дээр хэн ч “хазаарлаж” чадахгүй. “Бид үнэ нэмэгдсэн гээд хуучин үнээрээ яваад байвал болж л байна л даа. Гэхдээ гэнэт зогсвол түрэх л хэрэг гарах байх. Бид ч гэсэн хүн шүү дээ” гэж таксины жолооч О.Төмөр-Очир ярьж байлаа. Микро автобусууд 700 төгрөгөөр үйлчилдэг болжээ. Оройн цагаар үйлчилдэг үнэ нь ч 1200 болж нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Хариуцсан байгууллага нь үүнийг хууль бус гэсэн ч тэдэнд огтоос үйлчлэхгүй. Том оврын автобусаар нийтийн тээвэрт үйлчилдэг зарим хувийн компаниуд үйлчилгээнийхээ хөлсийг маргаашнаас 600 болгож нэмэх болж байгаа тухай ч ярьж байлаа. Чухам хэзээ том оврын компаниудын үйлчилгээний үнэ нэмэгдэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний үнэ нэмэх эсэх талаар талуудын хооронд яриа өрнөх ажээ. Талхны үнэ ч зарим дэлгүүрт үнэтэй, зарим дэлгүүрт хэвэндээ байлаа. Гэхдээ “Талх Чихэр” болон “Өгөөж” компаниудын үйлд­вэрээс ирдэг үнэ нэмэгдээгүй байгаа нь сонин.
 

Барааны үнэ нэмэгдсэн, нэмэгдээгүй

“Барс” болон бусад худалдааны төвүүдэд үнэ нэмэгдээгүй, нэмсэн гэх хоёрхон тогтолцоо үйлчилж байна. “Барс” худалдааны төвд хэдийгээр үнэ нь бензинээс болж нэмэгдээгүй ч оны өмнө­хөөсөө 200 төгрөгөөр нэмэгдсэн байлаа. “Бид шатахуунаас болж үнээ нэмээгүй. Та нар бас хэтэрхий өрөөсгөлөөр хандаж болохгүй шүү дээ. Хэрвээ шатахууны үнэ буурахгүй бол бид үнээ дахиад  нэмэхээс өөр арга байхгүй” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй худалдагч ярьж байсан юм. Харин хувийн дэлгүүрүүд бүх барааны үнийг 300 төгрөгөөр нэмжээ. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл гарсан учраас тэр. “Зурагтаар 300 төгрөгөөр нэмэгдсэн гэж яриад байгаа биз дээ. Тэгэхээр нь л бид нэмсэн. Бид ч гэсэн амьдармаар л байна шүү дээ” гэж “Дэлгэр Арвижих” дэлгүүрийн худалдагч Л.Ундармаа ярьж байлаа. Худалдааны цэгүүдэд бензиний үнийн давалгаа бага хэмжээгээр мэдрэгдэж эхэлжээ. Ямарсайндаа “Барс”-ын үү­дээр орох тасалбар 300 болчихсон тууж явахав дээ.

Шинэ он гарлаа. “Шинэ” үнэ ч хэрэгжиж эхэллээ. Жолооч нар алхахаар болж, ардууд машинд суух нь багасав. Чухам энэ асуудалд төр анхаарлаа хэрхэн хандуулж байгаа нь асуулт хэвээр. Мэдэгдээд байгаа ганц зүйл гэвэл өнөөдрөөс эхлэх хэлэлцээрүүд. Нийтийн тээврийн газар, нийтийн тээврийн хувийн компаниудтай хэлэл­цээр хийнэ, Үйлдвэрчний эвлэлийн хороо Засгийн газарт хандана. Нийгэмд үнээс үүдсэн их тэмцэлүүд өрнөж эхэллээ. Нэмэгдсэн үнэ, багасах болов уу.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж