Ким Чен Ирийн гэр бүл Японд нууцаар очдог байжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирийн гэр бүл Японд нууцаар очдог байжээ

БНАСАУ-ын талийгаач лидер Ким Чен Ирийн гэр бүлийн гишүүд сүүлийн хэдэн 10 жилүүдийн дотор цөөнгүй удаа Японд нууцаар очиж байжээ. Хойд Солонгосын удир­дагчийн хамаатан садан өглөөний нарны оронд очихдоо хуурамч паспорт ашиглаж байсан гэнэ.

Тухайлбал, Кимийн бага хүү Ким Чен Ун болон дунд хүү Ким Чен Чоль нар 1991 онд Японд очиж Токиогийн  Disneyland-ийг үзжээ. Тагнуулын мэдээгээр тэд Австрали дахь Японы Элчин сайдын яамнаас виз авахдаа Бразилийн иргэд гэж мэдүүлжээ. Тэр үед найм, арван настай байсан хүүхдүүдийг хэн дагалдан явсныг мэдээлсэнгүй.

Ким Чен Уны эх Солонгосын нэртэй жүжигчин, бүжгийн жүжигчин Ко Ен Хи мөн хоёр удаа Японд нууцаар очсон байв. Тэр айлчлалынхаа явцад Ко Ен Хи Токио, Киото болон 1953 онд төрсөн төрөлх хот Осокогийн шилдэг буудлуудад бууж байжээ. БНАСАУ-ын шинэ лидерийн эх бие хамгаалагч нар болон хамаатнуудынхаа хамт аялж явсан бололтой. Тусгай албадын мэдээгээр Ко Ен Хи Осака дахь төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө уулзахаас татгалзсан гэнэ. Тэрбээр дэлгүүр хоршоогоор болон соёлын түүхт газруудаар орж явжээ.  Ким Чен Ирийн гэр бүлийн бас нэг гишүүн одоо БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хорооны орлогч бөгөөд дүү охиных нь нөхөр Чан Сон Тхэк 1970-1980 оны үеэр хуурамч паспорттайгаар соёлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Японд очиж байжээ.

Талийгаачийн гэр бүлийн гишүүдээс Японд очсон дуулиантай хэрэг нь түүний том хүү Ким Чен Намын амжилтгүй оролдлого болсон юм. Тэрээр 2001 онд Японд очин Disneyland үзэх гэж яваад хилийн шалгалтаар саатуулагдан хөөгдөж байлаа. Энэ дуулианы дараа тэрээр эцгийнхээ уурыг хүргэн залгамжлагч байх жагсаалтаас хасагдсан байжээ.  Тусгай албаныхан Ким Чен Ир өөрөө нэг удаа Японд очсон байж магадгүй гэж  үзэж байна. Гэхдээ тэр нь бүтэмжгүй зүйл байх. Учир нь тэр хувийн хуягт галт тэрэгнээсээ өөр унаа хэрэглэж байгаагүй билээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж