Ганцаар байх ба иргэний дуулгаваргүй байдлын тухай

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Ганцаар байх ба иргэний дуулгаваргүй байдлын тухай

Өмнөх өгүүлэлдээ би өөрийн орчуулсан философийн номоо сурталчлах зорилгоор цуврал өгүүлэл бичнэ гэж байсан. Энэ удаа XVI, XIX зууны Франц, АНУ-ын философичид болох Мишэль Монтэнь, Хэнри Дэвид Торөү нарын үзэл номлолын талаар товч танилцуулж байна.

Ганцаар байх тухай

Уг нь Мишэль Монтэнийн гол бүтээл болох Эссэ-нүүдэд (1580, 1588 он) авч үзээгүй сэдэв, агуулга гэж байдаггүйг уг бүтээлийг уншсан бүх хүн мэднэ (Дашрамд хэлэхэд, энэ бүтээл нь монгол хэлнээ хөрвүүлэгдсэн). Харин Dorling Kindersley-гээс гаргасан энэ номон дээр Монтэнийн тухай өгүүлэхдээ “Ганцаар байх тухай” гэсэн эссэнийх нь агуулгыг онцолсон байна лээ.

Монтэнь энэ эссэндээ бие махбодийн хувьд ганцаар байх тухай онцлоогүй, харин үймж хөөрсөн олон түмний санаа бодол, үйлдэлд автагдаж өөрийн оюун ухаанаа алдахаас эсэргүүцэх чадвараа хөгжүүлэх тухай өгүүлсэн юм. Түүний бичсэнээр “Үймсэн олны халдвар маш аюултай. Тэдний зэрлэг авир болон үзэн ядалтыг та дуурайхад хүрнэ.”

Цааш нь бусдын анхааралд өртөж, бусдаас талархал хүлээх гэсэн хүсэл эрмэлзэл материал баялаг, өмчид хэт татагдахад хүргэж, хүнийг өчүүхэн бодгаль болгон хувиргадаг тухай өгүүлэв. Хүн эд баялаг, өмчөөс хэт хараат байснаараа тухайн зүйлд оюун санаагаараа боолчлогдож, сүйрдэг гэж үзлээ. Гэхдээ Монтэнь биднийг энэ хүслээ бүрмөсөн хаях хэрэгтэй гээгүй харин түүнээсээ холдож чаддаг байх хэрэгтэй гэсэн. Ингэж чадсан үед л эд баялаг нь зугаа цэнгэл төрүүлэхээр үл барам ашгаа өгдөг байна.

“Ганцаар байх тухай” зохиолд мөн олонхийн талархлыг хүлээх гэсэн хүсэл эрмэлзэл алдар цуутай болох гэсэн хүсэлтэй холбогддогийг харуулав. Монтэнийн, Макиавеллигээс ялгаатай нь мандан бадрах явдал бол эрмэлзүүштэй зүйл биш гэж үзсэн юм. Харин ч нэр алдрын төлөө байнга шаналснаар оюун санааны хувьд амар амгалан байж чаддаггүй хэмээв. Түүний бичсэнээр, ийм хүмүүс “зөвхөн олон түмэн уруу сарвалзаж, тэдний оюун санаа, хүсэл эрмэлзлийг эзэмдэхийг л хүсэж байдаг”. Монтэнь нэрд гарах гэсэн хүсэл эрмэлзлээ олны нүдэн дээр шууд таягдан хаях хэрэгтэй гэж үзэв. Бид ер нь бусад хүний зөвшөөрөл, хүндэтгэл, бахархлыг үнэт зүйл гэж бодохоо болих ёстой. Орчин тойрны хүмүүсээс байнга хүндэтгэл, нэр төр хүлээж байхын оронд үнэнхүү аугаа, эрхэмсэг оршихуй үргэлж бидэнтэй байдаг гэдгийг ойлгож, өөрийн бодлыг чагнан, алдаатай сэтгэмжээ далдалж сурах хэрэгтэй. Ингэж байж л бид тод томруун сэтгэж, илүү болгоомжтой, рациональ маягаар биеэ авч явж сурна хэмээв. Хүн, орчин тойрондоо байгаа хүмүүсийн сэтгэлийг татах гэж хэт их санаа зовсноор өөрөө ялзардаг. Учир нь бид өөрсдөө муу хүмүүсийг дуурайж, оюун ухаанаа алдаж буй хэрэг.

Монтэнь, сүүлийн үеийн бүтээлүүддээ алдар нэрийн хойноос хөөцөлдөх явдлыг дахин шүүмжилжээ. Нэр алдартай боллоо гэхэд түүнийгээ байнга хадгалж байх боломж тийм ч их байдаггүй. “Би [алдар нэр] байх ёстой хэмжээнээсээ халихыг, бүр хэт халихыг маш олон удаа харсан” гэж байв. Тэр Макиавеллигээс эрс өөр үзэл баримталж байсан юм. Нэр алдрыг бүх юмнаас дээр тавихын тулд төрийн зүтгэлтэн болон улстөрчдийг магтах нь тэднийг шүтэн бишрэгч олон түмэн байхгүй бол ямар нэг хичээл зүтгэл гаргах хүсэлгүй болгохоос гадна өөрсдийн эрх мэдэл, амжилтын төлөө юу ч хийхээс буцахаа больсон хүн болгодог гэж үзсэн.

Нэрд гарах гэсэн хүсэл нь иймэрхүү маягаар хүнийг өөртөө итгэлгүй болгодог ажээ. Энэ бүхэн нь индивидуалист үзлийг коллективист үзэлд сөргүүлэн тавьдаг либертари үзэлтэй үндэс сууриараа нэгдэж байгаа юм. Монтэнийн санаанууд өнөөгийн манай бодит байдалтай яв цав нийлдэг бөгөөд улстөрчдийн эргэцүүлэх ёстой олон санааг өгсөн байдаг. Ер нь хүмүүсийн дунд байгаад байх нь тийм ч таатай зүйл биш шүү дээ. Худал магтаал, худал улс төр, худал бизнес, худал судалгаа гээд бүх зүйл нь худал энэ амьдрал үнэхээр залхам. Юм мэддэггүй, тэгээд мэддэггүйгээ мэддэггүй, юм уншаагүй, уншаагүйгээ мэддэггүй, унш­сан ганц хоёр зүйлээсээ гарах ё­стой дүгнэлтийг логикийн хувьд шууд мөрдөхгүй, нөхцөл байдалд тааруулан засдаг хүмүүсийн ая занг олох гэж хичээнэ гэдэг үнэхээр залхмаар. Тэгвэл амьдрал гэж утгаа алдана биз дээ. Манай нэг нэрт зохиолчийн халаглан хэлсэн санагдаж байна: “Тэнэгүүдийн дунд амьдрахад нас даан ч урт, хийх зүйлээ бодохоор нас даан ч богино” гэж. Хов жив, хуйвалдаан, тэнэглэл, шударга бус байдлаас өөрийгөө тасалж байх хэрэгтэй. Энд мэдээжээр агуйд очиж даяанчлах гэсэн туйлын утгаар яриагүй.

Иймэрхүү санааг Айн Рэнд “Магтуу” зохиолдоо гаргасан байдаг: “Ямар ч замаар явлаа гэсэн намайг чиглүүлэгч хүч миний л дотор байдаг… Би хэн нэгний ашигладаг багаж биш. Би тэдний хэрэгцээг гүйцэлдүүлэгч зарц биш. Би тэдний шархаа боодог боолт биш. Би тэдний шүтээндээ өргөдөг өргөл биш… Би өөрийн үнэт зүйлсээ бусдад өгөхгүй. Энэ үнэт зүйлсээс хамгийн аугаа нь миний эрх чөлөө. Сэтгэл оюуны минь сайн сайхныг зоосон мөнгө болгож, ядмагхан сэтгэл оюунд зориулан хийсгэхийг зөвшөөрөхгүй… Би хүмүүст өргүй, тэд ч надад өргүй. Би хэнийг ч өөрийн төлөө амьдраач гэж гуйхгүй, би өөрөө ч тэдний төлөө амьдрахгүй. Би хэн нэгний зүрх сэтгэлийг эзэмдэх гэж шунахгүй, мөн өөрөө ч бусдад эзлэгдэхгүй… Хүн сэтгэл зүрхнийхээ гүнд ганцаар байдаг юм. Сэтгэл зүрхний минь гүнд бохир заваан нэгний гар хүрч, самардаад байх юм бол миний баяр баясгалан гэж юу байх юм бэ? Захын тэнэг нь тушаагаад байх юм бол ухаантай байхын хэрэг байна уу? Бусад хүн тэр ч бүү хэл, арчаагүй, сул дорой нэгэн миний эзэн юм бол эрх чөлөө гэж юу юм бэ?… Би “Бид” гэдэг мангасаас залхаж байна. “Бид” гэдэг бол хүн дээр асгасан нойтон цемент, хатаад ирэхээрээ чулуу шиг болж, доороо байгаа бүхнийг няцлан, хар ч биш цагаан ч биш хатуу саарал юм болгодог” (Монгол хэлнээ хэвлэгдсэн Магтуу зохиолын 72-74-р тал).

Жон Стюарт Миллийн хэлснээр, “итгэл үнэмшил нь баттай тогтсон нэг хүн зөвхөн сонирхол агуулсан 99 хүнтэй тэнцэхүйц нийгмийн хүч байдаг”. Үнэн зүйл хэлж буй тохиол­долд ганцаар байна уу, олуулаа байна уу гэдэг гол зүйл биш, хамгийн санаа зовууш­тай зүйл бол үнэн гэж байгаа зүйл маань үнэхээр үнэн байна уу, дутуу дулим дүгнэлт хийж байгаа юм биш байгаа гэдэг асуудал юм. Бусад хүн юу гэх бол хэмээн үргэлж хулмалзаж амьдрах гэж юу байх вэ дээ. Хүмүүс ер нь хэнд үнэлүүлж, магтуулж, хэнд муу­луулж байгаагаа эргэцүүлэх нь бага байдаг. Бид нэгийгээ байгаагаар нь үнэнээр үнэлнэ гэж бараг байдаггүй. Өөрт таалагдсан уу, үгүй юү гэсэн байр сууринаас л үнэлдэг. Үнэлэмж нь буруу ийм орчинд олны амыг харж, хавчигнаж байх хэрэггүй. Зарим тохиолдолд нэг хүнд үнэлүүлэх нь 100 хүнд хоосон магтуулахаас ч үнэ цэнэтэй.


Иргэн хүн оюун ухаанаа эрх мэдэлтэнд найр
тавих ёсгүй

Хэнри Дэвид Торөү. Энэ хүний тухай ном уншдаг хүмүүс хүртэл бага мэддэг. Арга ч үгүй биз. Либертари утга зохиолд хүртэл түүнийг Америкийн либертари үзлийн эцгүүдийн нэг гэдгийг бараг дурдаагүй байдаг.

Торөү улс төрийн намууд гар­цаа­гүй нэг талыг барьдаг, тэдний бодлого бидний ёс суртахуунтай зөрчилддөг гэж үзэж байлаа. Иймд зүй бус хуулийг эсэргүүцэх нь хувь хүний үүрэг гээд ийм хууль батлахыг идэвхгүй харж суух нь тэр хуулийг идэвхтэй дэмжсэн хэрэг гэж үзжээ. Торөү, англи хэлний бичгийн дүрэмтэй холбогдуулан “ямар ч тэнэг, дүрэм зохиож чадах бол бас ямар ч тэнэг, түүнийг эсэргүүцэж чадна” гэсэн бөгөөд энэ санаа нь улс төрийн философид нь ч илэрдэг.

1849 онд бичсэн “Иргэний дуул­­гаваргүй байдал” эссэдээ хүчир­хий­лэлгүй эсэргүүцэл болон үл хамтрах үйл ажиллагаагаар дамжуулан, ухаал­гаар эсэргүүцэх иргэний эрхийн тухай санал дэвшүүлсэн байдаг. Өөрөө энэ зарчмыг амьдрал дээр хэрэгжүүлж байсан нь Мексикийн дайн болон боолч­лолыг санхүүжүүлэхгүйн тулд татвар төлөхөөс татгалзаж байснаар нь илэрч байв. Торөүгийн үзэл санаа, Карл Марксын үзэл санааны эсрэг шинжтэй. Маркс, хувьсгалт үзэл санаа давамгайлсан Европт, хүчирхийллийн замыг уриалж байсан гэдгийг номонд онцлон тэмдэглэсэн байв. Торөүгийн үзэл санааг хожим Махатма Ганди, Мартин Лютэр Кинг зэрэг олон хүн эсэр­гүүцлийн хөдөлгөөндөө ашигласан билээ.

Торөүгийн тухай нэлээд товч байсан боловч олон сонирхолтой санаа энд шингэсэн нь мэдрэгдэж байлаа. Үнэхээр, хожим олон сэтгэгч, түүний дотор ХХ зууны нийгэм-улс төрийн сэтгэгч, хэл шинжлэлийн томоохон эрдэмтэн Ноам Чомскийн хэлснээр, “Төрд ёс суртахуун байдаг­гүй, харин хүнд л байдаг” хэмээн Торөүгийн үзлийг дэмжсэн. Торөү хэлний дүрэм бол конвенциаль (тохиролцооны зүйл, олон хүн конвенци хийгээд мөрдөөд явчихаж болох зүйл) гэдгийг олж харсан байна. Мөн АНУ-ын эцгүүдийн нэг гэгддэг Томас Жэффэрсон улс төрийн намын тухай түүний санаатай яг адил байр суурийг баримталж байсан байдаг. Жэффэрсоны хэлснээр, “Нам гэдэг бол хуйвалдагсдын үүр” юм. Хүчирхийлэлгүй эсэргүүцлийн санаа нь ч яах аргагүй либертари зарчим дээр тулгуурласан байдаг. Хэзээ ч нугарахгүй, бууж өгөхгүй гэхдээ хэзээ ч хүчирхийлэл хэрэглэхгүй. Энэ бол тэмцлийн маш хэцүү зам. Хүчирхийлэл бол тэмцлийн хамгийн амархан, тэвчээргүй хүмүүсийн хий­дэг зам байдаг. Торөүгийн үзэл онолыг Махатма Ганди хиндуизмийн сатьяграхын зарчимтай нэгтгэн маш тууш­тай хэрэгжүүлж чадсан байдаг. Торөүгийн санаа нь цааш улам боловс­ронгуй хөгжихдөө “иргэний дуул­га­вар­гүй байдал” гэсэн өвөрмөц санаатай ний­лэн баяжсан юм. Хүний эрхийн төлөө тэмцлийн бэлгэ тэмдэг болсон Мартин Лютэр Кинг ч тэмцлийн тайван замын тухай Торөүгийн зарчмыг барим­талс­наар амжилтанд хүрсэн билээ.

Философийн ухааны доктор Б.Батчулуун
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж