Үерхэлдээ үнэнч тролейбус

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Үерхэлдээ үнэнч тролейбус

Үерхэлдээ үнэнч гэдэг шиг бидэнд одоо ганцхан үнэнч үлдсэн нь тролейбус боллоо. Хүйтэн, удаан, залхуутай гээд үзэн ядаад байдаг ямар ч тохиолдолд үнийн хөөрөгдөлд өртдөггүй ганцхан унаа бий. Тэр нь троллейбус. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн шатахууны үнэ нэмэгдэж эхэлснээс такси, микро, өргөн хэрэглээний барааны үнэ бүгд “давалгаалан хөөрч” байгаа. Одоо удахгүй автобусны үнэ дахин нэмэгдэх сурагтай. Автобусны үнэ 200 төгрөгөөс 300 руу шилжихэд тролейбус 100 төгрөг байснаа 200 төгрөг болсон. Түүнээс хойш том оврын автобусны үнэ дахин нэмэгдэх үед ч үнээ нэмэхгүй үнэнчээр үлдсэн ганц нь тролейбус.

Сав л хийвэл үнээ нэмнэ гэж шуугидаг нийтийн тээврийнхний хувьд ч том олз болж байх шиг байна. Үнээ нэмсэн ч иргэдэд соёлгүй, чанаргүй, бохир, хүйтэн үйлчилгээ үзүүлэхээс өөрийг хийж чаддаггүй автобусныхан ч маргааш дуунаар үнэ нэмнэ гээд орилох нь дамжиггүй.

Замын бөглөрлийн гол дайсан гэгдэх том том ямбий автобуснуудын соёлыг гайхаж байхаар “уяатай улаан” буюу хоёр замаар явдаг тролейбусныхаа тоог нэмбэл автобусны үнэ нэмэгдлээ гэж  бухимдах хүн цөөн байх биз. Том оврын автобуснаас уяатай улаан нь ашигтай гэдгийг ч өнгөрсөн долдугаар сард үнээ нэмсэн нийтийн тээврийхэн иргэдэд тодоос тод харуулсан. Адилхан бөглөрдөг, хүрэх газраа ижилхэн хугацаанд ч оччихно.  Хэнд ч ойлгомжтой шүү дээ.  Ийм нөхцөлд 400 төгрөгийнхийг сонгох уу эсвэл 200 төгрөг үү гэдэг нь. Өнгөрсөн долдугаар сард нийтийн тээврийн үнэ нэмэгдсэнээс хойш автобусны буудал дээр тролейбус хүлээх хүний тоо олширчээ. “Цахилгаан тээвэр” компанийн орлого ч нэмэгдсэн гэдгийг тролейбусны кондукторууд хэлж байсан. Үнэ нь нэмэгдсэн ч ашиг нь багассан автобусныхан үйлчилгээгээ сайжруулж, тасалбараа хонжвортой болгож орлогоо нэмэгдүүлэх олон арга сүвэгчилсэн ч  “Цахилгаан тээвэр” компани хямд өртгөөр таван тролейбус үйлчилгээнд гаргаж, монгол инженерүүдийн угсарсан тролейбусны тоог нэмэхээ мэдэгдсэн. Ингээд л тролейбус дахин “Од” болох цаг ирлээ. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг “Цахилгаан тээвэр”-ийхэн нэлээд хэдэн шинэ чиглэл нэмээд авбал ч тролейбус жинхэнэ “Од” болох цаг ч ойрхон болж байна. Үнэхээр тролейбусны чиглэл тавьж болохгүй руу нь автобусыг нь явуулна л биз.

За ямартай ч, нийтийн тээврийн зарим шугам буюу микро автобуснууд үнээ нэмээд бүр 1000 төгрөг хүргэх гэж байгаа гэсэн.  Харин том оврын автобуснууд хэзээ үнээ нэмэх нь тодорхой бус. Гэхдээ нэмэх нь бараг тодорхой биз. Харин тролейбус үнээ нэмэхгүй гэсэн. Энэ сиймхийг ашиглан “сэргэлэнтэж”  чадвал үерхэлдээ үнэнч тролейбус жинхэнэ од болох нь дамжиггүй.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж