Төмөр замаа өөрсдөө тавьж чадна гэдгээ харууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Төмөр замаа өөрсдөө тавьж чадна гэдгээ харууллаа

Монголчууд төмөр замаа өөрсдөө тавьж чадна гэдэг сайхан мэдээг “хөрөнгө мөнгийг шийдээд өгчихвөл” гэдэг тодотголтойгоор хүргэв. Монголын төр мөнгөгүй гэж үү. Хэрэгтэй, хэрэгггүй нь мэдэгдэхгүй хөшөө, барилга мэтийг тэрбумаар хэмжигдэх төгрөгөөр хийдэг, 2,7 сая гаруй иргэнээ сар бүр 21 мянган төгрөг өгч, “тэжээдэг”төр томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө гаргаж чадахгүй байна гэж үү.Энэ асуултыг олон жил яригдаж байгаа төмөр замын сурагтай цуг дахин тавимаар санагдав. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр Замын-Үүдээс урд хөршийн хил 3,5 км төмөр замыг 27 хоногт  тавьжээ.

Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг анх 1956 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ замаар хоногтоо 12  хос галт тэрэг буюу 1320 вагон явдаг бөгөөд 3000-5000 зорчигч дамжин өнгөрдөг байна. Мөн Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь энэ боомтоор дамждаг.

Сүүлийн жилүүдэд “УБТЗ”-аар тээвэрлэх ачааны хэмжээ эрс ихэсч, тус боомтын хүчин чадал хүрэлцэхгүйгээс хил дээр вагон саатах болжээ. Энэ хэрээр ачаа барааны эргэлт удааширч, хил дээр 600 гаруй мянган тонн ачаа гацаанд ороод байгаа гэнэ. Үүний ихэнх нь барилгын материал байгааг ч Замын-Үүд боомтын холбогдох албаныхан хэлж байлаа. Харин энэ жилээс эхлэн явах вагоны тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч, есдүгээр сард эхэлсэн замын ажлыг 27 орчим хоногийн дотор дуусгажээ. Энэ замыг урд хөршийн барьж буй замтай холбох юм бол хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 24 хос галт тэрэг буюу 2640 вагон Замын-Үүд-Эрээний хооронд явах боломж бүрдлээ. Ингэснээр иргэдийн ачаа бараа хил дээр хүлээгдэхгүй байх боломж бүрдэх учиртай аж.

“УБТЗ”-ын хөрөнгө оруулалтаар монголчуудын богино хугацаанд барьж дуусгаад буй энэхүү шинэ төмөр замтай Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, УБТЗ-ын удирдлагууд болон бусад албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцлаа. Тэдний сэтгэгдлээс уншигч та бүхэндээ товчлон хүргэе.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: Хөрөнгийг шийдээд өгвөл үүнээс илүүг чадна гэдгийг харууллаа

-УБТЗ-ын хөрөнгө, хөдөлмөрөөр 3.5 км төмөр зам баригдаж дууслаа. Маш богино буюу сар орчмын хугацаанд төмөр замаа бариад дууссан. Хятадын талаас төмөр зам барих ажлаа 2012 оны төлөвлөлтдөө оруулна гэсэн. Төмөр зам барихад маш хэцүү гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Тэгвэл бид төмөр замаа өөрсдөө барьж чаддаг гэдгийг үүгээр харуулж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард холбогдох тогтоол, шийдвэрүүд нь гарсан. Есдүгээр сар гэхэд ажил эхлээд аравдугаар сард 3.5 км төмөр зам барьж дуусгасан. Нийт 2,8 тэрбум төгрөгөөр энэ замыг барьсан. Хөрөнгийн хувьд нэлээн хэмнэлттэй байсан. Рэйлс төмрүүдийг гадаадаас аваагүй. УБТЗ-д байснаа ашиглаж, өөрсдийн хөрөнгөөр рейлс төмрөө тавьсан. “Хөтөл”-ийн бетон дэрний үйлдвэрт бетон дэрнүүдээ үйлдвэрлэсэн. Даланг ч чанар сайтай хийсэн. Энэ нь шинэ бүтээн байгуулалт, шинэ төмөр замд хөрөнгө мөнгийг нь төрөөс шийдээд өгчихдөг бол үүнээс илүүг хийж, бүтээж чадна гэдгийг харуулж байгаа юм. Замын-Үүд бол манай улсын эдийн засгийн хамгийн том цэг. Гэтэл хамгийн их хоцрогдсон бүс болчихсон. Эрээнээс хамааралтай болчихсон учраас цаашид орж гарч буй хүмүүс, ачаа барааг анхаарч үзэх дүр зураг харагдаж байна

“УБТЗ”-ын ерөнхий инженер Г.Сэрээнэндорж: Хөрөнгийг шийдээд өгвөл төмөр замаа өөрсдөө тавьж чадна
 

-Монгол Улсын хилээс БНХАУ-ын хил хүртэл 3.5 км төмөр замыг сарын дотор хамгийн өндөр төвшинд сайн чанартайгаар барьж, хүлээлгэж өглөө. Шинээр барьсан энэ төмөр зам Хятадын талтай холбогдвол нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. 1000 вагон солилцдог байсан бол 2000 болж нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн ачааны биш суудлын галт тэрэг явуулах боломжийг бүрдүүлсэн том бүтээн байгуулалт юм. “УБТЗ” хос төмөр замтай болох ажил үүгээр, Монгол Улсын хилээс эхэлж байна. Энэ бол анхны хос зам. Цаашид Сайншанд, Улаанбаатар хүртэл явах төлөвлөгөөтэй ажлын эхлэл боллоо. Төмөр зам барихад ажлын 70 хувийг далан шорооны ажил эзэлдэг. Замын-Үүдийн Засаг даргын зөвшөөрлөөр далан шороог худалдаж аваад ажлаа гүйцэтгэсэн. Ер нь, хөрөнгө мөнгийг нь шийдээд өгчихвөл монголчууд төмөр замаа өөрсдөө барьж чадна гэдгийг харууллаа.

Замын-Үүд өртөөний дарга Г.Амарсайхан: Тээвэрлэлт хоёр дахин нэмэгдэнэ

-Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүд Эрээний хоорондын ачаа тээвэрлэлт хоёр дахин нэмэгдэнэ. Монгол-Хятадын протоколд зааснаар хоногт 12 хос галт тэрэг явах ёстой. Гэхдээ бодит байдалд 9-11 галт тэрэг явдаг. Хос зам ашиглалтад бүрэн орвол дээд хүчин чадал нь 22 хос галт тэрэг явуулдаг болно. Уг замыг УБТЗ-ыг зураг төслийн дагуу чанарын өндөр төвшинд барьж дууссан. Ингэхээр манай талаас шалтгаалах зүйлгүй гэж ойлгож болно. Энэхүү хос замыг холбох нь зөвхөн Хятадын талаас хамааралтай болчихоод хүлээгдэж байна. 2012 оны нэгдүгээр улиралд багтааж холбох болов уу гэж бодож байна.

Энэ үеэр “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захиалсан шинэхэн вагонууд Замын-Үүдэд ирсэн байлаа.  Тус компани Монгол, Хятадын Засгийн газартай гэрээ байгуулан, хөнгөлөлттэй зээлээр вагоны парк шинэчлэлийн төсөл боловсруулж, 245 вагон авахаар болсон аж. Эхний ээлжийн 60 вагоныг авчраад байгаа бөгөөд бол өнгөрсөн баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 6-нд хоёр дахь ээлжийн 60 вагоныг оруулж иржээ. Эдгээр вагоныг Хятадын “Чайна норс рэйлвэй” гэдэг компаниас авч байгаа гэнэ.

“Энэ компани дэлхийд вагон үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог. Ачааны вагон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч. Тиймээс энэ компаниас вагон захиж авч байгаа юм. Эхний ээлжинд авчирсан вагонуудаар одоогоор 800 гаруй тонн ачаа тээвэрлэсэн. 185 хагас вагоноор жилдээ нэг сая орчим тонн ачаа тээвэрлэнэ гэж тооцоолж байгаа юм. 14 хоногийн дараа Замын-Үүд боомтоор 10 бүтэн, таван тавцант вагон орж ирэхэд бэлэн боллоо. Мөн хоёрдугаар сард аяллын таван зүтгүүр, долдугаар сард сэлгээний нэг зүтгүүр авчирна” гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа хэлсэн юм.  

Замын-Үүд боомтод Монголын гадаад худалдааны 70 орчим хувь явагдаж байна. Үүний дагаад хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч, иргэдийн бараа саатах явдал ихээр гардаг. 2008 онд “Замын-Үүд-2” өртөөг таван замтайгаар ашиглалтад оруулсан ч өнөөдөр ачаалал их хэвээр байна. Харин  энэ жил  Замын-Үүдэд шинээр таван зам нэмж барьж, нийт 10 замтай болохоор төлөвлөсөн аж.

Ингээд төгсгөлд нь “Хөрөнгийг нь шийдээд өгчихвөл монголчууд төмөр зам тавьж чадаж байна шүү” гэдгийг төрийн өндөр сэнтийд заларсан эрхмүүдээ сануулъя.

Б.Билэг


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж