Ийнхүү сонгуулийн жилийн өмнө хоёр тийш харсан намуудын хувьд одоо өнгөрсөн гурван жилд хийсэн гай, гавьяа аль алиныг өмчлөх, булаалдах, эсвэл нэгэн рүүгээ түлхэх бөөн маргаан л үлдэв. Энэ нь ч сонгуулийн сурталчилгааны гол цөм байх бололтой. Мэдээж хэрэг хэн хэн нь гавьяаг нь өөриймсүүлэх, гайг нь холдуулах их PR-ийн ажилд толгойгоо уралдуулаад эхэлсэн нь тодорхой. Ардчилсан намын хувьд үхрийн сүүлэн дээр дэлгэсэн хутга гай, гавьяа алийг тарихыг мэдэхгүй. МАН-ын хувьд ч хийсэн бүтээсэн болгоноо экс хамтрагчдаа олзлуулахгүйгээр хэрхэн авч гарахыг хэлэх аргагүй юм. Улс төрийн халуухан үйл явдлыг шатахууны үнийн гэнэтийн нэмэгдэл хийгээд, валютын ханшийн өсч буй улаан гэрлэн дохио улам хурцатгаж, иргэдийн бухимдлыг нэмж байна.
Харин зургаан сайд, долоон дэд сайдын суудал Засгийн газарт онгойгоод байгаа тухайд тийм ч их ноцтой асуудал биш бололтой, “боловсон хүчин” сайтай гэгддэг МАН-ын хувьд. Яагаад гэвэл аль хэдийнэ дараагийн сайд нарын уралдааны гараа эхэлж, эхнээсээ нэр товлогдоод байгаа. Хэдийгээр зургаа хүрэхгүй сарын хугацаатай сайдын суудал тийм ч үнэтэй биш юм шиг харагдах ч ялалтандаа мөнхөд итгэлтэй байдаг МАН сонгуулийн дараа ч хүнд хэцүү үед “мөлхөж” орж ирсэн сайд нараа үргэлжлүүлэн ажиллуулна гэж тойглож байгаа сурагтай. Ардчилсан намын огцорч байгаа сайдуудаас ч олзуурхууштай нь сандал ширээтэйгээ зууралдаж, хошуугаа унжуулж байгаа хүний сураг сонсогдохгүй л байна. Гэхдээ энэ сарын сүүлчээр болох сурагтай Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороогоор асуудал хэлэлцүүлэх, Хамтарсан Засаг хагарсныг албан ёсоор баталгаажуулах хүртэл бас зай ч бий, лай ч бий. Тооцоолоогүй хугацаагаар ч сунжирч болох, ганцхан алхны цохилтоор ч шийдэгдэж болох. Энэ мэтчилэнгээр оны эхэн улс төрийн хувьд халуун мэдээ, үйл явдлаар дүүрэн байх нь.
Харин эцэст нь иргэн та Хамтарсан Засгийн газар ямар ажил хийсэн, хийгээгүй, мөрийн хөтөлбөрийн биелэлт нь ямар байгааг өөртөө нэг дүгнэж үзэхэд илүүдэх юун. Хоёр намаа төлөөлж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Г.Занданшатар, Х.Баттулга, Д.Лүндээжанцан, Ц.Баярсайхан, Э.Мөнх-Очир, Ч.Сайханбилэг, Ц.Нямдорж, Ц.Сэдванчиг нарын гарын үсгээ талбисан гэрээ ямархуу биелэлттэй байгааг http://politics.news.mn/content/92650.shtml-д байгаа гэрээнээс хараарай. Энэ удаад иргэн танд хамгийн” ойр” сонсогдож байсан заалтуудаас дор түүвэрлэв.
- 2008.09.03.МАХН-ын V бага хурал. МАХН-ын дарга С.Баяр Ардчилсан намтай Хамтарсан Засгийн газар байгуулах тухай саналаа илэрхийлж, бага хурлын гишүүдийн олонхийн саналаар дэмжлэг хүлээлээ.
- 2008.09.11. УИХ-ын гишүүдийн 98.5 хувийн саналаар С.Баярыг Монгол Улсын ерөнхий сайдаар дахин томилов.
- 2008.09.12. Тухайн үеийн МАХН болон Ардчилсан нам Хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахаа таван зүйл МАХН /тухайн үеийн нэрээр/, АН-ын хамтран ажиллах гэрээ-г http://politics.news.mn/content/92650.shtml -ээс бүрэн эхээр нь харна уу.
- 2008. 11.21 Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны Мөрийн хөтөлбөрийг батлав.
- 2009.10.24. Хамтарсан Засгийн газрын “автор” С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдын эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөгдөх хүсэлт гаргалаа.
- 2009.10.28. С.Баярын Ерөнхий сайдаас чөлөөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэн дэмжив.
- 2009.10.09. УИХ-аас Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар Сүхбаатарын Батболдыг томиллоо.
- 2010.4.08. С.Батболдыг МАХН-ын даргаар батламжлан С.Баяраас намынхаа тамгыг гардан авлаа.
- 2011.04.18. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дүгнэх ажлын хэсэг байгуулав.
- 2011.11.15. УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ц.Сэдванчиг нар Засгийн газрын талаар Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавив.
- 2012.01.05-ны 11.00 цаг. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Ардчилсан намын дарга тус нам Хамтарсан Засгийн газраас гарах гэж байгаа талаараа мэдэгдэл хийв.
- 2012.01.05-ны 16.00 цаг. Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарах гэж байгаад харамсч буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга С.Батболд мэдэгдэв.
… Өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60.0 мянгаас дээш тооны ажлын байр буй болгоно.
…Өрхийн сарын дундаж орлогыг 1.000.000-аас доошгүй төгрөгт хүргэнэ.
…Үнэ ханшны өсөлтийг тухай бүр тооцож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг одоогийнхоос 3 дахинаас доошгүй өсгөнө.
…Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн болон нийт хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
…Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300.0 мянган төгрөгийг нэг удаа, “Алдарт эх” II одонтой эхэд 500,0 мянга, I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно.
…Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулна.
…Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг шинэчилж, багш бүрийг зөөврийн компьютертой болгоно.
…Сум бүрт 50 сая-аас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй “Сум хөгжүүлэх сан” буй болгож ашиглана.
…Нефть боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бензин шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхэлнэ.
…Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгааг хийж, бэлтгэлийг хангана.
… Алтанбулаг-Замын Үүдийг холбосон төмөр замын хоёр дахь шугам тавих ажлыг эхэлнэ.
… Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг болон Ярант-Ховд-Өлгий- Улаанбайшинтыг холбосон хатуу хучилттай зам тавьж, Азийн авто замын сүлжээнд холбоно.
Бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно.